Хуудас

2010/11/10

Нэгэн Эссе (нэг зүйлд зориулсан)

1990-ээд оны нийгмийн хувьсгал, түүний дараахь жилүүдэд ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засаг, хар зах, ганзагын наймаа гэх үгс галзуурсан мэт хэлэлцэгдэж байсан гэж ээж минь дурсан ярьдгийг би санаж байна. Улс орны байдал үндсээрээ эргэж тэр чөлөөт зах зээл, эдийн засгийн мэдлэг, мэдээллийг олж авах гэж хүмүүс улайран тэмцэж, үр хүүхдээ тэр зүгийн мэдлэгийг эзэмшүүлэх гэж олон гэр бүл хоолоо хугаслан зүтгэж олон эдийн засагчдыг төлөвлөгөөт үеийнх шигээ асар ихээр бэлтгэсэн . Харин одоо тэр цаг ард хоцорч хоёрдугаар үеийн давалгаа буюу өндөр технологи, нарийн мэргэжлийн инженерүүдийн эрин үе нэгэнт ирж бидний үеийн залуус ч ихээхэн шамдан улс орны хөгжилд гар бие оролцохоор мөр зэрэгцэн хөгжиж байна. Гэтэл Хишигбаяр гэдэг хүн яагаад эдийн засаг тэр дундаа санхүүгийн салбарт гүйж явна вэ. Магадгүй, яагаад инженер, мэдээллийн технологи, механикч болоогүй гэж. Элсэлтийн шалгалтын оноо нь уул нь нилээд өндөр байсан биш билүү гэж бодох логик санаа эндээс урган гарч ирж байна. Өнөөдөр Оюутолгойд санхүүч биш сайн гагнуурчин хэрэгтэй гэж Ерөнхий сайд хүртэл хэлж байна лээ. Гэтэл тэр сайн гагнуурчин Монголд алга байдаг. Яагаад? Монгол хүмүүс тийм авъяасгүй юм уу, эсвэл залхуу юм уу. Миний бодлоор тэр хүмүүсийг ирээдүйд сайхан амьдралд баталгаатай хүргэхэд нь өөрийнх эзэмшсэн гагнуурчны мэргэжил гарцаагүй хөшүүрэг болно гэдэг сэдэл, сэтгэгдлийг өгч чадаагүйгээс болсон .Энэ нь эргээд эдийн засгийн орчин, санхүүгийн харилцаа бүрдээгүйээс л шалтгаалсан хэрэг. Магадгүй манай эдийн засаг их сэргэлтийн гэж нэрлэгдэх болсон одоо цагт санхүү, эдийн засгийн зөв зохицуулалт, зөв ойлголт, зөв мэдээлэл гарцаагүй хэрэгтэй байна. Үүнийг хэн тархаах вэ, хэн таниулах вэ? Мэргэшсэн боловсон хүчин чадна. Бид л чадна. Санхүүч нар чадна.

Нөгөө талаас одоо хамгийн хэрэгцээтэй байгаа нарийн мэргэшсэн хүмүүсийг түүнээс ч дутахгүй өндөр зохион байгуулагдсан санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн таатай орчин бүхий нийгэм өөртөө татаж тэр нийгмийнхээ төлөө ажиллуулж чаддаг нь хууль болоод байна. Иймээс чадварлаг залуус тэдний оюун санааны царын бодит үнэлэмжийг хэн хэзээ Монголд бий болгох вэ гэдэг нэгэн асуулт асуудал болон гарч ирээд байна. Гэвч бидэнд тэр бодит боломж гар сунгах төдийд хүрэх ойрхон иржээ. Энэ нь томоохон уул уурхайн хөрөнгө оруулалтын төсөл, тэр, том дэлхийн тэргүүлэгч РИО ТИНТО гээд Монгол хүнийг дэлхийн жишигт хүргэх, олон улсын тавцанд гаргах , эргээд дэлхийн энгээр амьдрах алтан боломж ойртон ирснийг хараад үнэхээр их урамшиж сууна.

РИО ТИНТО мэтийн аваргууд манайд хөл тавиад байгаа энэ үед тэд бол бидний бодит сурталчилгаа, улс орны эдийн засгийг дэлхийд таниулах тулгуур гарц байх нь дамжиггүй. РИО ТИНТО-ийн хувьцааны үнэ нэг центээр өсөхөд түүний цаана Монголын эдийн засгийн талаар нэг сая хүн сонирхох болно. Үүний үрээр дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүд гадаад зах зээл дээр гарч хөрөнгө босгох, IPO хийхэд ихээр түлхэц үзүүлэх нь гарцаагүй. Мөн уул уурхай, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх зорилготой байгаа манай улсад ч чухал үр дүнтэй. Нэгэн жишээ хэлье: Сүүлийн үед Олон Улсын Блүүмберг ТV-ээр Монголын тухай мэдээлэл тогтмол цацагдаж хөрөнгийн захын шинжээчид ихээр дүгнэлт өгч анхаарал тавин ажиглах болсон ба үнэлгээний томоохон агентлаг болох Fitch-ээс Монголын зээлийн зэрэглэлийг дээшлүүлэх асуудал яригдаж эхлэсэн.

Мөн энэ их мөнгөн урсгал ингэж ихээр орж ирсэн шигээ буцаад гараад явах магадлал өндөр. Учир нь улс орны хэмжээнд түүнийг шингээх аж үйлдвэрийн салбар төдийлөн хөгжөөгүй байна. Иймээс энэхүү мөнгөн урсгалыг эдийн засгийн дахин эргэлтэнд оруулж ард нийтээр түүний өгөөжөөс хэрхэн хүртэх вэ гэдэг талаар нэгийг бодож хоёрыг тунхаах шаардлагатай болоод байна. Үүний тулд иргэдэд санхүүгийн ойлголтыг хоногшуулах, таниулах тэднийг хувийн санхүүгээ хөтлөх, улмаар үйлдвэрлэл эрхлэх бодит боломжийг тэдэнд нээж өгөх юм. Санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлж дан ганц банкны салбар бус үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэх, санхүүгийн харилцааг төлөвшүүлэх нийгмийн захиалга бидэнд тулгараад байна. Фридрих Энгельсийн хэлсэнчилэн Санхүүгийн салбарт дэвшил гараагүй цагт бусад салбарт шинэчлэл яриад ч хэрэггүй гэдэг мэргэн үгтэй утга дүйж байна. Эцэст нь “Санхүү бол орон зай цаг хугацаан дахь бодит ёс зүйтэй харилцаа юм” гэж хэлдэг байсан эрдэмтэн багшийнхаа үгээр энэхүү эссэгээ өндөрлөё.