Хуудас

2011/05/18

Татварын эрсдэлийн тухай эссэ

Мөөгий, Болдоо 2-н бичсэн татварын эрсдэлийн тухай эссэг орууллаа. Санаа нь их өргөн цаашид эргэцүүлэл хэлбэрээр бичиж өргөжүүлбэл нилээд зохимжтой санагдаад байгаан.

Аливаа улс орныг далайд хөвж яваа завь хэмээвэл тэрхүү завийг жолоодогч нь төр юм гэж нэгэн нэрт эдийн засагч төрийн мөн чанарыг маш оновчтой тодорхойлон хэлжээ. Эндээс л төр гэж юу болох, юуны төлөө оршин байгаагийн учир шалтгаан урган гарч байгаа юм. Төрийн үндсэн чиг үүрэг нь сонгодог утгаараа хувийн секторын нийгэмд хүргэж үл чадах үйлчилгээнүүдийг түүний сайн сайхны төлөө үзүүлэх явдал байдаг. Гэхдээ төр өөрөө бодит баялаг бүтээдэггүй учраас эдгээр үйлчилгээг хүргэх зардлыг нийгмээсээ авч буцаагаад нийгмийнхээ төлөө зарцуулдаг бөгөөд энэхүү зардлыг татвар хэмээх эдийн засгийн хэрэгслийн тусламжтай бүрдүүлдэг.

Улс орны хөгжилд төсвийн тогтвортой байдлын илэрхийлэл болсон татварын тогтвортой байдал ихээхэн чухал. Манай улсын хувьд эдийн засгийн бүтцийн онцлогоос шалтгаалан татварын орлогын түвшин ихээхэн хэлбэлзлэлтэй буюу эрсдэлтэй түвшинд байсаар ирсэн, одоо ч байгаа, ойрын ирээдүйд ч байх л болно. Учир нь Монголын эдийн засаг байгалын эрс тэс уур амьсгалаас шалтгаалсан улирлын шинж чанартайн дээр зэс, нүүрс гэх мэт биржээр болон биржийн бус нөхцөлөөр арилжаалагддаг түүхий эдийн үнийн түвшингээс хамаарсан төсөв сангийн эх үүсвэртэй. 2008 оны эхний 5 сарын байдлаар дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш урьд өмнө байгаагүйгээр өсөж нэг тонн зэсийн үнэ 8812 ам.долларт хүрч байсан бол 5 сарын дотор эдийн засгийн хямрал хүчтэй нөлөөлж зэсийн үнэ 4412 ам.доллар оны сүүл гэхэд 2770 ам доллар болж 6800 ам.доллар байхаар тооцсон улсын төсвийг ихээхэн хүндрэлд оруулсан билээ. Манай улсын хувьд уул уурхайн салбараас орж ирэх татварын хэмжээ 2008-2010 онуудад 33.5, 27.8, 31.7 хувийг эзэлж нийт татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ цаашдаа өсөх хандлагатай учраас энэ түүхий эдийн үнэ ханшаас хамаарсан татаварын эрсдэлийн удирдлага ихээхэн чухал асуудал болох нь ойрын ирээдүйд зайлшгүй болж байгаагийн илрэл юм. Түүхий эдийн үнийн савлагаанаас хамааран төсвийн орлого үлэмж буурч 2009 оны төсөв 300 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан нь манай улсын төсвийн орлого хичнээн их эрсдэлтэй байдаг болон энэ байдалд хэрэгжүүлэх эрсдэлийн удирдлага хичнээн чухал болохыг харуулж байгаа юм.

Дээр дурьдсан баримт нь макро буюу бүхэл эдийн засгийн түвшинд татварын эрсдэлийн удирдлага ямар ач холбогдолтой болохыг харуулсан бол одоо илүү микро түвшинд буюу аж ахуй нэгжийн түвшинд авч үзье.

Хувийн секторын хөгжил улс орны эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь байдаг. Манай улс хувийн секторын бүтээлч байдал, шударга өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн системд шилжээд даруй хорь илүү жилийн нүүрийг үзэж багагүй ололт амжилтанд хүрсэн хэдий ч чамлалттай зүйл нэлээд бий бөгөөд түүний нэг жишээ нь компанийн үйл ажиллагааны ил тод бус байдал түүнд дотроо ёс зүйтэй санхүүгийн тайлагналын хэм хэмжээ юм.

Бид бүхнийг эдийн засаг, санхүүгийн мэргэжлээр суралцаж, энэ салбартай холбогдсон цаг үеэс хойш давхар тайланхэмээх ойлголт нийтлэг сонсогддог болсон. Үнэн худлыг нь биеэр мэдэрсэн туршлага оюутан хүний хувьд одоохондоо үгүй тул олны үг ортой гэсэн хандлага бидний бодол сэтгэгүйд нэвт шингэсэн гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрөхгүй байх арга алга. Угтаа бол аж ахуй нэгж бизнесийн ёс зүйн хувьд өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдээ дан ганц нэг тайлан дээр үнэнч шударгаар тайлагнах ёстой атал аль болох татвар бага төлөхийн тулд өөр бас нэгэн хуурамч тайланг ашиглан татвараас зайлсхийх үзэгдэл Монголд хууль бус зүйл биш харин ч нийтээр даган мөрдөх стандарт болсон нь татвар төрийн санхүүгийн салбарт учирч буй томоохон бэрхшээл төдийгүй аж ахуй эрхлэгчдийн хувьд өөрсдөөсөө хайх ёстой мөн чанарын эмгэнэл гэлтэй.

Оюутан хүний хувьд өнөөгийн олж авсан мэдлэг, үзсэн сонссон зүйлдээ тулгуурлан харахад дээр дурьдсан хүчин зүйлүүдийг нэрлэж чадахаар байна гэсэн дүгнэлтэнд хүрч байх шиг байна. Мэдээж хэрэг өөр бусад олон асуудал үүний ард бидэнд харагдахгүй байгаа нь ойлгомжтой билээ. Эрсдэлийн удирдлагын үндсэн концепци нь эрсдэлийг тодорхойлж дараа нь түүнийг удирдахад оршдог тул дээрх 2 зүйлийн эрсдэлийг удирдах шинэлэг биш ч хэрэгтэй байж болох эрсдэлийн удирдлагын санааг энд хэлэхийг хүслээ.

Гарц 1 буюу түүхий эдийн үнээс хамаарах татварын түвшний эрсдэлийг удирдах нь

Эдийн засгийн салбаруудын хөгжлийг харьцуулан үзвэл Монголын санхүүгийн секторын хөгжил бусдаасаа хол илүү яваа нь цаашдаа бидэнд хөгжлийн ирээдүй ойрхон байгаа гэдгийг илтгэж байгаа бөгөөд учир юу гэвэл өндөр түвшинд хөгжсөн санхүүгийн систем хөгжлийг хурдасгах, эдийн засгийн олон салбарт бүтцийг бий болгох үндэс юм. Санхүүгийн зах зээлийн хөгжил бидэнд түүхий эдээс хамаарсан татварын орлогын эрсдэлийг удирдах тогтвортой жигд түвшинд барих боломжийг олгож байна. Энэхүү түүхий эдийн ханшийн эрсдэлийг удирдах санхүүгийн хэрэгсэл нь санхүүгийн деривативууд юм.

Деривативийг олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагддаг худалдан авагчид тогтоосон үнээр худалдан авах, худалдагчдад тогтоосон үнээр зарах үүргийг хүлээлгэдэг санхүүгийн гэрээнүүд хэмээн ойлгож болно. Жишээлбэл татвараар дамжин төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг зэсийн хувьд дериватив хэлцлийг ашигласнаар түүхий эдийн зах зээлийн уналттай үед ч түүнийг гэрээнд заасан тогтвортой үнээр борлуулж төсвийн тогтвортой ил тод байдлыг хангах боломжтой болох юм. Гэхдээ эрсдэлийг удирдах энэхүү арга зам нь нягт нямбай хууль эрх зүйн орчин , институцийн сайтар зохион байгуулагдсан тогтолцоонд тулгуурлах ёстой.

Түүхий эд, ашигт малтмал дээр тулгуурласан эдийн засагтай манай орны хувьд деривативт суурилсан эрсдэлийн удирдлагыг татвар төвлөрүүлэх тусгай сан байгуулж, тухайн сангийн нэрийн өмнөөс олон улсын зах зээлд оролцож хэрэгжүүлэх боломжтой юм. Гадны улс орны хувьд ч эрсдэлийн удирдлагын энэ хандлага түгээмэл болж байгаа бөгөөд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг санг Sovereign Wealth Fund хэмээдэг байна.

Гарц 2 буюу Татвараар зайлсхийх эрсдэлийг удирдах нь

Монгол улс эдийн засгийнхаа хөгжлийн балчир үедээ явж буй улсын хувьд татварын зөв оновчтой бодлогоор хувийн секторыг дэмжих, татварын хувь хэмжээг бус татварын суурийг нэмэгдүүлэх нь хамгийн түрүүнд тавигдах ёстой зорилт байх ёстой. Харин хувийн сектор хүчирхэгжиж санхүүгийн хувьд өндөр чадвартай болсоны дараа нөхцал байдлыг арай өөр өнцгөөр харж шийдвэрлэх боломжтой юм. Манай улс ч энэ л зарчмаар явж байгаа бөгөөд дэлхийн бага татвартай орнуудын тоонд багтдаг.

Аж ахуй нэгжийн түвшинд учирч болох татварын эрсдэл нь илүү субьектив буюу бизнесийнхний ёс зүй, шударга зан чанарт суурилсан татвараас зайлсхийх үзэгдэл гэдгийг дээр тэмдэглэсэн. Тэгвэл энэ төрлийн эрсдэлийг удирдах арга зам нь юу вэ? Мэдээж хэрэг одоогийн Монголын бизнесийн хуулиуд утга төгөлдөр бус, олон улсын санхүү, аудит, засаглалын стандарт хараахан нэвтрээгүй зэрэг нь эрсдэлийн шалтгаан бөгөөд эрсдэлийг бууруулах зорилтот обьект боловч эцэстээ хувь хүмүүсийн ёс зүйн төлөвшилд суурилсан нийгмийн хөгжлийн хомсдолтой холбогдож байгаа болов уу.

Байшинг хичнээн будаж оохордлоо ч түүнд доторх хүмүүсийг нь өөрчлөхгүй бол бодит дэвшил гарах боломжгүй учраас татвар хичнээн чухал болохыг нийгэмд сурталчилан таниулж, залуу хойч үеийн санхүүгийн боловсрол, хувь хүний төлөвшилд гүн бат суулгаж байж л энэ эрсдэлийг бууруулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл нийгэм цусаа шинээр сэлбэж байж, шинэ сэтгэлгээ нийгэмд төлөвшиж байж л энэ байдал үгүй болно. Үүнд ганцхан цаг хугацаа л хэрэгтэй.

2011 оны 05 сарын 13 нд гэжээ