Хуудас

2011/05/07

Бодол байхуй, эс байхуй

Бодол гэдэг хүнийг удирдаж уурлуулж, инээлгэх тасралтгүй үргэлжлэх урсгал гэж бид ойлгодог. Тэрхүү урсгал дунд тарчлан зовох нэгэн байхад тансаглан жаргах бас нэгэн байх. Эд бүгдийн хэмжүүр нь цаг хугацаа агаад хором хормоор урсгалыг өөртөө эсвэл өөр нэгэн зүйлд шингээн уусгах мөнхийн уусгуур гэлтэй. Угтаа бодол гэдэг тасралтгүй үргэлжлэх мөн чанартай зүйл биш ажээ.


Бодлыг жолоодохуйг эзэмших аваас бодол гэдэг тасралтгүй бас эхлэлгүй, төгсгөлгүй зүйл биш бөгөөд түүнийг хэзээ таслах, эргээд эхлүүлэх нь бодлыг танин мэдсэн төгс биелэлээс хамаарна. Бодлоо захирах эс захирах нь хувь хүний л хэрэг боловч бидний амьдарч буй хүрээлэл нь ихэнхидээ бодлыг торонд оруулж нэгэн хэвийн болгож, түүнд дасгаж эргээд мухардалд оруулах мөнхийн мөчлөг болон хувирсан байх юм. Монголын өнөөдрийн нийгэм, хүрээлэл нь бодлыг айлгахуй дор чангаан барих агаад энгийн иргэнээс эрхэм дээд болсон аав ээжүүд маань ч айдас дунд бодлоо цагдаж, чагнаж байна. Ид шид, илбэ, жатга, бэлэн мөнгө хууралт мэхлэлт гээд нийгэм тэр чигтээ айдас хүйдэс агуулсан бодлоор дүүрэн байгаа нь 2012 онд дэлхий сүйрнэ хэмээн хүн болгоны амнаас гарч байгаагаас л тодхон харагдана.(Бичих зүйл олон байгаа ч бичмээргүй байдал давамгайлав.)

Тэгвэл айдас бол бодол байх нь, Тэгвэл аз жаргал ч бас бодол байх нь. Тэгвэл би аз жаргалтай байж болох нь, Тэгвэл бид бүгд аз жаргалтай байж болох нь

Дүгнэх нь?

Бодол таных тул та өөрийгөө ажиглахуй дараа нь дахин өөрийгөө ажиглахуй ...

Ажиглаад л байтал хүрхрээний ус лугаа мөнхөд ар араасаа гарч ирж байна даа гэж ойлготол...

Завсар...

Будда...

Бодол байхуй эс байхуй