Хуудас

2011/05/15

Хөдөлмөрлө

Дайснаасаа бүү ай сайн даа л чамайг ална
Нөхрөөсөө бүү ай сайн даа л чамаас урвана
Харин хийж бүтээхгүй, ахиж дэвшихгүй, хөдөлмөрлөхгүй байгаагаас л хамгийн ихээр айх хэрэгтэй


Хүмүүсийн авч үздэг хамгийн чухал зүйл бол нэр хүнд түүнээс гадна мөнгө зоорь бөлгөө. Харин тэдгээр зүйлийг бий болгохын тулд яах ёстойг мартдаг нь "Баяж хурдан баяж, Бүүр хурдан баяж" эсвэл хялбар баяж гэх мэт номыг дэлгүүрийн тавиур дээрээс шүүрэн авч уншиж байгаагаар хялбар тайлбарлагдана. Зарим нэг хэсэг нь энэхүү зам хатуу санагдаад илбэ, шид, шатга, хараал, тарнид итгэн мухар сүсэгт автана(ямар нэгэн шашин, өөр бусад зүйлийг үгүйсгээгүй болно).

Тэгвэл яах ёстой вэ? Хөдөлмөрлөх гэсэн ганц үгээр төлөөлүүлэн хариулж болохыг хүн үүссэн цагаас хойш олсон хамгийн үнэтэй ололт байсан гэж би боддог. Хөдөлмөрийн үнэ цэнээр бүх зүйлийг хэмжиж болно. Та Wall Street-ийн хамгийн чухал хүн болмоор байна уу тэгвэл тэнд үйлчилдэг дүрмийг ойлгох хүртлээ хөдөлмөрлө, дараа нь тоглолтоо хий гол тууштай байх, хугацаа зарцуулах гэсэн элементүүд хамт зарцуулагдана. Та хүнд хаягдаж адгийн амьтан болмоор байна уу бас л хөдөлмөрлө гэхдээ ууж, бөөлжиж шүү.

Жеймс Камерон Аватар киногоо толгойдоо 13 жил бодсон гэдэг шиг аугаа хөдөлмөрүүд энэ дэлхийн хөгжлийг цогцлоож байна. Хөдөлмөр хүнийг бүтээсэн гэх соц маягийн үг нь яг үнэндээ хамгийн ардчилсан бөгөөд агуулга, мөн чанар сайтай ажээ.

Өөрийнхөө сайн сайхны төлөө хөдөлмөрлө, тэр бол бусдын төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт мөн.