Хуудас

2011/09/13

Зөв бодлого хөгжлийн баталгаа

Дэлхийн  эдийн засгийн тоон мэдээг тогтмол мэдээлж байдаг  tradingeconomics вэб сайт дээр Монголын эдийн засгийн тоон мэдээг харуулдаг болсон, 2007-2009 оны хооронд үргэлжилсэн дэлхийн санхүү эдийн засгийн хямралын нөлөөний Азийн улсуудын талаарх тайланд Монголын тухай тусгагдсан, Bloomberg, CNBC, CNN зэрэг дэлхийн нэр нөлөө бүхий телевизүүдээр Монголын эрхэмүүд ярилцлага, сурталчилгаа хийж буй зэргээс харахад  Монгол улс шилжилтийн гэх тодотголоо орхиж эрчимтэй хөгжиж буй орон гэх талбарт хамрагдаж хавтгай дэлхийн нийтийн тавцанд өөрийн эдийн засгийн байр сууриа илэрхийлэх хэмжээнд хүрсэн байна. 


Эрчимтэй хөгжил гэх үгийг даган бусад хөгжингүй болон хөгжиж буй орнуудад тулгарч байсан эдийн засгийн төдийгүй нийгмийн асуудлууд, сорилтууд Монгол улсын  хувьд ч тулгарч байна.  Энэ нь давуу болон сул талыг бий болгох бөгөөд ухаалаг алхамуудыг хийж зөв туршлагаас суралцаж чадвал эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг бий болгож чаддаг болохыг Азийн Бар орнуудын жишээнээс тодхон харж болно.  Эсрэгээрээ эрч муутай, мөчлөг дагасан дунд болон урт хугацаанд үр ашиггүй бодлого явуулах нь хэр хор уршигтай болохыг Африкын зарим орнуудын байдал харуулдаг. Тухайлбал: Зимбаби, Тунис, Суданы жишээг тоочиж болно.


Угаас аливаа улсын эдийн засгийг хөгжүүлэх тогтсон жор гэж үгүй тул улс орон бүр өөрсдийн онцлог байдалд тохирсон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг ч ерөнхий нэгдсэн чиг хандлага бүхий бодлоготой байдаг ба эдгээр бодлогыг ерөнхийд нь төсөв сангийн болон Мөнгөний бодлогын дор нэгтгэн зангидаж явуулдаг.

Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба төсвийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг. Өнөөгийн манай засгийн газрын хэрэгжүүлж буй төсвийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил гэхээсээ илүүтэйгээр  иргэдийн амьжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байгаа нь богино хугацаанд иргэдийн аж амьдралд эерэг нөлөөтэй ч нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр төдийгүй эдийн засгийн хэт халалтыг бий болгосон бүтцээр явж байгаа нь эдийн засагтаа сөрөг байдлыг бий болгох магадлалтай байна. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой өсөлт, гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдал ихээхэн чухал байдаг. Өнөөгийн Монгол улсын  төсвийн  тэлэх бодлого нь хэт их хэрэглээг урамшуулж байгаа,  энэ нь нийлүүлэлтээс давж  эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг бий болгож иргэн талдаа бодит худалдан авах чадварын бууралтыг, аж ахуй нэгж талдаа хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдлыг бий болгож байгаа юм. 

Монгол улсын мөнгөний бодлогын хувьд банкны  хоёр шатлалт тогтолцооонд шилжсэн үе буюу 1990 оноос эхлээд 2006 он хүртэл мөнгөний агергатыг онилсон бодлогыг явуулж байсан ба Өргөн мөнгө(M2)-г завсарын зорилтоо, нөөц мөнгө(M0)-г суурь зорилтоо болгож байсан бол 2007 оноос эхлэн инфляцийн бага нам түвшинд тогтвортой барьж Төв банкны ил тод, бие даасан, хараат бус байдлыг хангах замаар эдийн засгийн хүлээлтийг удирдаж, ирээдүйн тодорхой бус байдлыг бууруулж дунд урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсөлтийг хангахад чиглэдэг аргачлал болох инфляцийг онилох бодлого руу шилжиж байгаа энэхүү шилжилт нь одоо ч үргэлжилсээр байгаа юм.  Төв банкны зүгээс олон нийтэд ил тод нээлттэйгээр инфляцийн зорилтод түвшнийг зарлах ба түүнд хүрэх бодлого арга хэрэгсэлээ ч ил тод мэдээллэдэг нь эдийн засгийн үйл явцад оролцдог талуудын хувьд харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг. Мөнгөний бодлогын алхамууд нь эцсийн зорилгодоо тодорхой цаг хугацааны хоцрогдолтой нөлөөлдөг тул инфляцийг онилох мөнгөний бодлого нь дунд хугацааны инфляцийн таамаглалыг хийж улмаар түүн дээрээ үндэслэн ирээдүйд чиглэсэн бодлогын алхамуудыг хийдэг. Урьдчилан тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд инфляцийн таамаглал дээрээ үндэслэн завсрын зорилтыг ашиглахгүйгээр бодлогын хэрэгсэлүүдээ шууд өөрчлөх замаар мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг юм.

Дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед ч Монголбанкны зүгээс бодлогын зорилтод хүүгээ 9% аас 14% болгон өсгөж мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх тухайгаа зарлах үед эдийн засагчдын зүгээс харилцан адилгүй байдлаар хүлээн авч тайлбар хийж байсан.  Нөгөө талаас инфляцийг онилох мөнгөний бодлого явуулж буй үед  валютын уян хатан ханштай байх нөхцөлийг давхар шаарддаг бөгөөд Монголбанкны зүгээс ханшийн гэнэтийн өөрчлөлт бий болгохгүй чиглэлд валютын зах дээр оролцсоор ирсэн ба энэхүү бодлого нь зарим талдаа ихээхэн хор уршгийг дагуулж байсан гэж зарим судлаачид үздэг ба 2008 оны 11 сараас 2009 оны 3 сарын хооронд ам.доллартай харьцах төгрөгийн бодит ханш 1700 болтлоо суларч байснаар илрэн гарсан. 2011 оны 9-дүгээр сарын байдлаар банкуудын заавал байлгах нөөцийг 9%-иас 11% болгон 2 функтаар, бодлогын зорилтод хүүгийн түвшинг 11,75% болгон сүүлийн гурван сарын дотор Монголбанкны зүгээс хүүг хоёр ч удаа 0,5% ба 0,25%-иар тус тус нэмэгдүүлээд байна. 2011 оны 2-р улирлын тоон мэдээнээс үзэхэд нийт зээлд эзлэх иргэдийн зээлийн хэмжээ огцом хэмжээгээр өссөн, мөнгөний нийлүүлэлт урьд оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар нөөц мөнгө 70 орчим хувиар тус тус өссөн,  суурь инфляцийн түвшин 11%-д хүрч эдийн засаг үлэмж хэмжээгээр халж хямралын өмнөх үе буюу 2007 оны 4-р улирлын үеийн байдалтай нилээд ижил төстэй байдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл төсвийн тэлэх бодлого, дотоодыг чиглэсэн ихээхэн хэмжээний хөрөнгийн урсгалын нөлөөгөөр хэт эрэлт үүсэж улмаар эдийн засаг дахь нийт эрэлт өсөж үнийн өсөлтийг гааруулж (хөөргөж) байгаа үед мөнгөний хумих буюу хатуу бодлогыг баримтлах зайлшгүй бөгөөд гарцаагүй байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл халуундаа тарчилж буй нэгэнд хүйтэн жин тавихтай тун төстэй ба гэвч зөвхөн хүйтэн жин тавьсанаар халуурал дуусахгүй ба хамгийн гол нь халууруулах шалтгааныг олж түүнд арга хэмжээ авч байж сая эдгэрэх жамтай.

Монголбанкны явуулж буй бодлогын талаар эдийн засагт оролцогсод харилцан адилгүй байр суурьтай  байгаа нь сүүлийн үед гарч буй мэдээллээс тодхон харагдаж байна. Саяхан Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас(МХАҮТ)-аас “Мөнгөний бодлогыг өөрчилцгөөе” гэх мэдэгдлийг хийлээ. Энэ мэдэгдэлд  мөнгөний хатуу бодлогын улмаас зээлийн хүүний түвшин өндөрсөж аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын байдал зогсонги байдалд орж улмаар зах зээлийн идэвхижилийг сулруулж засгийн газраа дэмжихийн эсрэг буруу бодлого баримтлан ажиллаж байна гээд Монголд ямарч эдийн засгийн халалт бий болоогүй банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмж зээл гаргалтыг багасгасан нь бодит эдийн засгаа боомилж байна гэж үзжээ.  МХАҮТ-н энэхүү мэдэгдлийг өнгөц бөгөөд гүйлгэн уншвал Монголбанк нь нээрээ л эдийн засгийн энэ их сайхан үед хэтэрхий хатуу гэмээр бодлогыг хэрэгжүүлж байгаа мэт ойлгогдоно. Гэвч нухацтай хийгээд анализ хийх байдлаар хандвал Монголбанкны бодлогын хүү нь ирээдүйд бий болох хэт их үнийн өсөлтийн эрсдэлээс эдийн засгийн уналтаас сэргийлэх, санхүүгийн салбарын найдвартай бэлэн байдлыг бий болгож улмаар эдийн засгийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого гэдгийг харах боломжтой.  Өөрөөр хэлбэл өнөөдөр гарч буй бодлого нь ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх вакцин гэж ойлгож болох бөгөөд үр дүн нь өнөөдөр эсвэл маргааш гарч үйлдвэрлэгч нарыг хохироох нь юу л бол. Нөгөө талаас Монгол улсын  аж ахуй нэгжүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэдэг томоохон байгууллагын хувьд ийм маягийн мэдэгдэл хийх нь эргээд иргэд хийгээд, аж ахуй нэгжийн ирээдүйн эдийн засгийн орчны хүлээлтэд нөлөөлж цаашлаад бодлогын шийдэлд хохирол учруулах магадлалтайг тооцож болгоомжтой хандах хэрэгтэй байсан болов уу. Аж ахуй нэгж үйлдвэрлэгчидийн хамгийн их хүсдэг зүйл бол эдийн засгийн таатай эрүүл орчин, ирээдүйн хүлээгдэж буй тодорхой бус байдал багатай тогтвортой орчин байдаг ба бизнесийн бодит хөрөнгө оруулалтыг хийхэд үнийн тогтвортой байдалыг тооцох шаардлагатай тул үнийн хэт өсөлт нь тэдний үйл ажиллагаанд хамгийн ихээр хохирол учруулдаг.

Бодлогын хүүний түвшин өссөнөөр банк хоорондын захын хүү өөрчлөгдөж улмаар хадгаламжийн хүү, зээлийн хүүнд өөрчлөлт орж богино хугацаанд эдийн засаг царцах байдал бий болдог гэвч энэхүү царцанги үед бодлогын зөв шийдлийг засгийн газрын зүгээс хэрэгжүүлж чадвал эдийн засаг тогтвортой нам түвшний үнийн өсөлттэй, зөв голдирол бүхий эдийн засгийн өсөлтийг бий болгох бүрэн боломж бүрддэг. Ирэх онуудаас хэрэгжих төсвийн тогтвортой байдлын тухай хууль хийгээд улс төрийн сонгуулийн байдал давхцаж буй нь манай улсын төрийн байдал нь эдийн засгийн байдалтай нягт уялдаатай төдийгүй улс орны хөгжлийн байдалтай шууд холбогдож байна.  Нэг үгээр хэлбэл Монгол улсын хөгжлийн асуудал нь  улс төрийн бодлого  түүнийг тойрсон асуулт руу шилжиж байна.

Энэ цаг хугацаан дор болж буй эдийн засгийн үзэгдэлүүд нь бидний өмнө тавьж буй сорилт, шалгуурууд бөгөөд эдгээр сорилтод бид нэгдмэл ухаалаг, холч сэтгэлгээгээр хандаж байж үүнийг даван туулах учиртай. Сорилт бүрийн цаана эерэг хүчин зүйл нуугдаж байдаг бөгөөд гагцхүү сорилтыг давах цогц бодлогыг бид боловсруулах хэрэгтэй.

Нөгөө талаас  төсвийн хэт их үрэлгэн мөчлөг дагасан сул бодлогыг эрч хүчтэй, нээлттэй дунд болон урт хугацааг харсан бодлогоор сэлбэж эдийн засгийг нийлүүлэлтийн талын эрсдэлээс сэргийлэх давхар зорилготой байх нэн шаардлагатай байна. Монголбанкны хувьд бодлогын ил тод, хараат бус, нээлттэй байдлыг бий болгож  түүгээрээ хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. 

Өнөөдөр эдийн засгийн тухай нийтлэх сэтгүүлч, нийтлэлчид олширохын хэрээр үзэл бодлын ялгаатай байдал нэмэгдэж иргэдийн дунд төөрөгдөл бий болгож байна. Аливаа нэгэн эдийн засгийн үзэгдэлийг тайлбарлахдаа хэт их онолдох эсрэгээрээ баримжаагүй авирлагчдын тоо ихсэж тэдгээрийн зөрүү нь ташаа буруу, тодорхойгүй байдлыг үүсгэх хандлагатай байгааг аль аль талдаа анзаарч өөрсдийн хийж буй ажилдаа жинхэнэ эзний ёсоор хандаж хэн нэгний ашиг сонирхолын төлөө үйлчлэхгүй байж ирээдүйн хөгжлийг ил тод баталгаажуулах хэрэгтэй.

Ирээдүйн хөгжил ил тод баталгаажина гэдэг нь зөв бат бэх эдийн засгийн чадавхи бүхий суурь дээр аж ахуй нэгжийн хөгжил цэцэглэлт мөн иргэдийн итгэл найдварын урам зоригийг хэлнэ.