Хуудас

2011/09/28

Хэт халалтаас хэт эрсдэл рүү

Энэ удаагийн судалгааны ажлаар Монголын эдийн засаг дахь халалтын тухай товч байдлаар шинжлэхийг зорьсон бөгөөд бодит эдийн засаг дахь дүр зураг хийгээд, хэт их эрсдэлийг дагуулж буй асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон ба тоон шинжилгээ болон анализ байдлаар үр дүн гаргахыг оролдсон. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг макро эдийн засгийн индикаторууд дээр түшиглэн гарган ирж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж уул уурхайн салбарын эрчимжилтээс хамаарсан их өсөлтийн нөлөөг харьцуулан гаргаж ирээдүйд үүсэж болзошгүй асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан болно.

   2007-2009 оныг дайрсан дэлхийн санхүү эдийн засгийн хямрал  Монголын эдийн засагт түүхий эдийн үнээр дамжин илэрч, санхүүгийн системд ихээхэн хохирол үзүүлсэн бөгөөд 2009 оны  хоёрдугаар улирлын байдлаар эдийн засаг мөчлөгийн ёроолдоо хүрч, эдийн засгийн хямралд гүнзгий өртөж үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засгийн нийт гарц муудаж эрэлтийн уналтад орсон байсан. Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөнтэй холбоотойгоор хямралын дараа  эдийн засаг тийм ч хүчтэй сэргэж чадахгүй байсан ба жижиг нээлттэй зохицуулалттай хөвөгч валютын ханштай учир дотогшлохи мөнгөн урсгалын нөлөөгөөр эдийн засаг аажмаар сэргэж эхлэсэн ба өнөөдрийн байдлаар ДНБ-ны улирлын нийлбэрээр тооцсон өсөлт  9,8% иар, хагас жилийн байдлаар 14,6%-д хүрч өссөн таатай байдалтай байна. Гэвч эдийн засгийн огцом өндөр өсөлт нь хэт халалтын нөхцөл байдлыг үүсгэдэг бөгөөд үнийн өсөлт(инфляци)-аар дамжин хэрэглээнд нөлөөлөх байдлаар уналтыг бий болгох магадлал өндөр байна. (Зураг-1)

Монголын үлэмж их хэмжээний уул уурхайн баялаг нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг сүүлийн 2, 3 жилийн турш татаж байгаа төдийгүй дэлхий дээрх үндсэн болон үнэт металлын олон жилийн нөөцтэй хэмээн тооцогдож байна. Ялангуяа зэс, алт, нүүрс, уран, тугалга болон төмрийн хүдэр зэрэг багтаж байна. Өмнөговь дахь Оюу толгой алт зэсийн орд нь 45 сая тонн бүхий нөөцтэй гэж тогтоогдсон. 2013 онд уг төсөл эхлэх боловч үүнээс өмнө Монголын уул уурхайн салбарын өсөлтийг зэс биш нүүрс тодорхойлох юм. Нүүрсний экспорт 2010 онд өмнөх оноос 134%-иар өсч 16.6 сая тонн-д хүрээд байгаа нь зэсийн орлогоос аль хэдийн давсан үзүүлэлт юм. Энэ 2011 онд нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж 27.6 сая тонн, 2012 онд 41.6 сая тонн, 2013 онд 48.3 сая тонн-д тус тус хүрнэ гэсэн таамаглалыг Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооноос (ҮХШХ) гарсан байна. Мөн түүнчлэн нүүрсний экспортын орлого нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шинэчлэл, тээвэр, дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор цаашид илүү эрчимтэй нэмэгдэх ч боломж байгаа юм. 2013 он хүртэлх металл олборлолт харьцангуй тогтвортой өсөлттэй байх бол 2013 оноос хойш зэс, алт, газрын тос болон бусад байгалийн түүхий металлуудын экспорт огцом нэмэгдэх юм. Ирэх онуудын уул уурхайн салбарын өсөлт өндөр байх төсөөлөл гарч байгаатай зэрэгцээд түүнд шаардагдах хүнд даацын машин механизмын импорт өсөх зайлшгүй нөхцөл бүрдэх юм.

Гэвч өнөөдөр үүсээд буй дотоодын эдийн засгийн хийгээд дэлхийн эдийн засгийн байдал зэргээс үүдээд эдийн засгийн томоохон эрсдэл үүсэх урдьч нөхцөлүүд бүрдэж буйг олон улсын шинжээчид өөрсдийн хийсэн судалгаа, тоон үзүүлэлтээр харуулсаар байна иймээс энэ нөхцөл байдал Монголын хувьд ч эрсдэл дагуулах бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш сүүлийн нэг сар хүчтэй унаж байгаа, Хятад дахь үнийн өсөлт, Европ дахь өрийн асуудал, Америкын асуудал гээд асуудлыг бид арай өөр нөхцөл байдлаас харахыг шаардсаар басхүү шахсаар байна. 

Эдийн засгийн халалтын байдал

Бид эдийн засгийн халалт буюу нийт эрэлтийн байдлыг шалгахдаа бодит эдийн засгийн түвшин өөрийн потенциал түвшинээсээ зөрөх зөрүү(output-gap)-ээр тооцсон бөгөөд Мөнгөний зөрүүг(money gap) мөн шалгасан болно. Олонхи эдийн засагчид ДНБ-ны зөрүүг тооцохдоо нэг хувьсагчийн хандлага болох ДНБ-ий стохастик трендтэй үед потенциал ДНБ-ийг тооцох трендыг арилгасан процедур болох Hodrick болон Prescott (1981) ашиглахыг зөвлөдөг бөгөөд энэхүү аргыг ашиглан шугаман трендээс зөрөх зөрүүг тооцон үнэлгээ хийсэн ба үнэлгээний гарц доорх байдалтай гарсан болно.(Зураг-2)

ДНБ-ий болон Мөнгөний зөрүүг харуулсан бөгөөд тооцооны үр дүн ихээр сонирхол татаж байна. Учир нь Монгол улсын хувьд эдийн засгийн мөчлөг нь ерөнхийдөө халалтын шинж тэмдэг илэрсэн буюу мөчлөгийн оргил руугаа дөхсөн байдалтай байгаа нь 2010 оны III улирлаас эхлэн ДНБ-ий зөрүү өсөж эхлэсэн, 2009 оны II улирлаас эхлэн мөнгөний зөрүү өсөж байснаар илэрч байна. ДНБ-ий зөрүү буюу эдийн засгийн халалт нь манай улсын эдийн засгийг 2008-2009 оны хооронд дайрсан эдийн засгийн хямралын үеэсээ илүү их хэмжээгээр хэдийн халаад эхлэсэн буюу нийц далайцаасаа их хэмжээгээр хазайсан байна. Мөнгөний зөрүү их хэмжээгээр нэмэгдэж далайцийн хэмжээ 2007 оны IV улирлын үетэй ижил хэмжээнд хүрсэн байгаа нь онцгой ихээр анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг дахь нийт эрэлт маш ихээр нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлт, нийлүүлэлтийн дутагдалаар дамжин эдийн засгийг халааж байгаагаар тайлбарлагдаж байна. Нөгөө талаас уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, түүнийг дагасан их хэмжээний мөнгөн урсгалын нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэж улмаар мөнгөний зөрүүг халааж байгаа ба төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр нийт эрэлтийг урамшуулж иргэдийн хэрэглээгээр дамжин эдийн засаг халж байна гэж үзэж болохоор байна.

2. Мөнгө зээлийн өсөлт

Бид шинжилгээг ДНБ-ий өсөлт болон Мөнгөний нийлүүлэлтийн улирлын цувааг харьцуулах замаар шалгах нь халалтын байдлыг илүү ихээр тодруулж шинж тэмдэгийг нарийвчлах боломжтой гэж үзэн зураг-[3]-т мөнгөний өсөлтийн дүрслэлийг харууллаа.


                                 Эх үүсвэр: Монголбанк
Зургаас [3]-аас үзэхэд 8 улирал дараалан буюу 2009 оны III улирлаас эхлээд өнөөдрийг хүртэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ үлэмж ихээр нэмэгдэж 2007 оны IV улирлын үетэй ижил хэмжээнд хүрч эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдсээр байгааг харж болохоор байна. Нөгөө талаас өргөн мөнгө буюу M2 мөнгөний жилийн өсөлт нь маш хурдацтай буюу эдийн засгийн мөчлөг даган нэмэгдэж байгаа нь үнийн өсөлтийн аюул бодитой нүүрлэж байгааг илэрхийлж байна. Эдийн засаг халахын хэрээр түүнийг мөнгөний нийлүүлэлт өсөж буй нь гэнэтийн уналтыг бий болгох магадлал өндөр байдагийг бусад улсуудын жишээнээс харж болох бөгөөд уул уурхайн олборлолт дагасан эрэлтийн илүүдэл бүх салбарт шингэж нийт эрэлтийг дэвэргэн дахин хямралын байдлыг давтах ч нөхцөл байдал бүрдээд байгаан илрэл гэж үзэж байна. Арилжааны банкуудын зээл олголтын байдлаар ялган үзвэл иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ огцом ихээр нэмэгдэж буй нь иргэдийн эрэлтийг улам ихээр урамшуулж халалт нэмэгдэхэд үлэмж нөлөөтэй байна. М2 мөнгөний жилийн өсөлт нь он гарсанаас эхлэн тогтвортой өсөж 2011 оны II улирлын байдлаар 63,8%-д хүрч мөнгөний нийлүүлэлтээр дамжсан эрэлтийг бий болгожээ. Нөгөө талаас МУИС-ЭЗС болон Нээлттэй Нийгмийн форумаас явуулсан “Дэлхийн эдийн засгийн хямралын Монгол үзүүлэх нөлөө” тайланд 2006-2007 оны хооронд явуулсан мөнгөний тэлэх бодлогоос шалтгаалж эдийн засгийг хэт ихээр халааж улмаар үнийн өсөлтийг 34% хүртэл алдаж байсан хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэхүү байдал бодитойгоор тулгаран ирсэнийг зураг-[3]-д 2011 оны II улирлын дүрслэл харуулж байна.  Хэрэв дахин эдийн засгийн уналт тохиолдох магадлал бага байлаа ч мөчлөг дагасан буюу эдийн засгийн халалт дагасан мөнгө болон зээлийн өөрчлөлт нь эдийн засгийн савалгаа бага хэмжээгээр үүсэх төдийд л уналтанд орж болохуйц хэврэг байдалд оруулах эрсдэлийг дагуулдаг. Мөнгө зээлийн өндөр өсөлт нь хөрөнгий хөөс(asset Boom)-г бий болгодог гэдгийг олон улсад зөвшөөрдөг. 2008 оны хямралын үед ч орон сууцны үнэ маш ихээр өсч хөөсөрч байсан ба 2009 он гарахад үнийн түвшин огцом хэмжээгээр буурч хөөс хагарч байлаа. 

3. Зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх иргэдийн буюу хэрэглээний зээл, машин механизмын импорт үлэмж ихээр өссөөр

2010 он гарсаар нийт зээлийн өрийн үлдэгдэл тогтвортой өсч түүнд эзлэх иргэдийн зээл улирал дараалан өсч одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 57,8% өсөөд байна. Нөгөө талаас иргэдийн худалдан авах чадварын бууралт давхар ажиглагдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нийгэм дэхь бага дунд орлоготой иргэд хувьд бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өндөр байгаа ба үнийн өсөлтөөр дамжсан бэлэг мөнгөний хуваарилалтын улмаас бараа бүтээгдэхүүн өдөр ирэх бүр өсч байна. Иргэдийн зээлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр эрэлтийн илүүдэл эдийн засагт үүсэх ба технологи хийгээд бүтээмжээс хамаарч эрэлтийн талын өсөлт ажиглагдах боллоо.  Энэхүү өсөлт нь эдийн засгийн мөчлөг дагасан өсөлт болох нь тодорхой ажиглагдаж байгаа ба төсвийн тэлэх бодлогын шууд үр дүн харагдаж байна. Төсвийн урсгал зардал нь иргэдийн бэлэн мөнгөний тараалт, нийгмийн халамжийн хавтгайрсан байдал зэрэг нь эдийн засагт их хэмжээний бэлэн мөнгөний урсгалын хөдөлгөөнийг бий болгож улмаар халалтыг улам ихээр үүсгэж байна. Нөгөө талаас хөрөнгийн үнийн өсөлт, орон сууцны үнэ, тэдгээрийг дагасан барилгын материалын үнийн өсөлтийг давхар бий болгож байна. Барилгын материалын үнэ дотор хувийн зориулалттай орон сууцны материалын үнэ үлэмж ихээр өссөн нь харагдаж байна. Мөн нийт импортод эзлэх бараа бүтээгдэхүүнээс уул уурхайн зориулалттай хүнд машин механизм, хэрэглээний зориулалт 
                                                                                                   Эх үүсвэр: Монголбанк 
бүхий тээврийн хэрэгсэл, барилгын хийцтэй, угсралттай холбоотой бүтээгдэхүүний импорт үлэмж ихээр нэмэгдсэн байна. 

Он гарсаар хүнд машин механизм түүний сэлбэл 121,5% байгаа нь уул уурхайн зориулалтаар ашиглах, олборлолтыг нэмэгдүүлэх болно. Сүүлийн 2 жилийн хугацаанд уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтийг дагаад хүнд даацын автомашин, уул уурхайн техник хэрэгсэлийн импорт огцом өсөх болов. Өнгөрсөн 2010 онд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 4.1 их наяд төгрөгт хүрч бодит дүнгээр өмнөх оноос 10 хувиар өссөн байна. Үүнээс уул уурхай 2.8 их наяд төгрөгт хүрч бодит дүнгээр 10.1 хувиар өсчээ (Зураг 1). Уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлөөр авч үзвэл 2010 онд нүүрсний олборлолт 25.2 сая тоннд хүрч өмнөх оноос 92 хувиар, төмрийн хүдрийн олборлолт 3.2 сая тоннд хүрч 132 хувиар, хайлуур жоншны баяжмал 141 мянган тоннд хүрч 22 хувиар тус тус өсчээ.

Эдгээр асуудал төсвийн урсгал зардалтай холбоотой 

Энэ бүгдээс эргэцүүлэн дүгнэхэд улсын төсөв түүний урсгалын зардлын өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн халалт бий болж байна гэх үндэслэлтэй байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өндөр байгаа нь манайх шиг түүхий эдийн арвин баялаг нөөцтэй орны хувьд эерэг нөлөөтэй ирээдүйн байдал сайн байгаа боловч тогтвортой өсөлтийн орчинг бүрдүүлж чадахгүй байгаа нь алдаатай үзэгдэл юм. Төсвийн орлогын илүүдэл нь нэг талаас эдийн засгийг дэмжих чухал хэрэгсэл ч нөгөө талаас эдийн засаг дахь тэлэх бодлогыг хөөргөдөг сул талтай. Манай эдийн засгийн хэрэглээ нь бага учир халж хөрөх үзэгдэл нь огцом мэдрэгддэг гэж дүгнэж болохоор байна.
                                                                                                    Эх үүсвэр: Сангийн яам, ҮСГ


2010 он гарсаар төсвийн өсөлт нь 40% орчим хувиар нэмэгдэж түүнд эзлэх урсгал зардал төдийн хэмжээгээр нэмэгдсэн байна. Ялангуяа Оюутолгой, Тавантолгойн ордоос баталгаажсан урьдчилгаа 250, 100 сая доллар нь хүний хөгжлийн сангийн мөнгөн тэтгэмжийг санхүүжүүлж, төрийн албан хаагчдын цалин, өндөр настай, бусад иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн өсөлтийг хангахад зарцуулагдсан ба Эрдэнэт үйлдвэрлэлийн зэсийн өсөлтөөр дамжин улсын төсвийг санхүүжүүлж байна. Мөн төсвийн зарлага нь ихээхэн хэмжээгээр хэлбэлзэлтэй буюу улирлын шинж чанартай, халалтыг нэмсэн мөчлөгийн шинжтэй байгаа учир эрдэмтэн судлаачид ихээр санаа зовниж байна. Бидний энэхүү эргэцүүлсэн дүгнэлт нь задлан шинжлэх зорилго агуулаагүй тул тухайн үзэгдэлийн үйл явцад үр дүн өгөхийг чухалчилсан бөгөөд иймээс төсвийн задаргаа түүний байдалд үнэлэлт өгөхийг чухалчлаагүй болно.  

Хэрэв эдийн засгийн уналтын байдал дахин давтагдвал төсвийн байдал ч тогтворгүй байдалд хүрдэг. Бидний төсвийн орлого, зардалд гарсан шокын талаар өмнө хийж байсан үр дүнгээс үзэхэд мөчлөг хэт дагасан, үрэлгэн шинжтэй төсөв нь эдийн засгийн уналтын үед тэлэх орон зайгүй болдогийг харуулсан бөгөөд энэ талаар ОУВС-н судлаачид ч шүүмжлэлтэй ханддаг билээ.
Өнгөрч долоо хоногт Монгол улсад ОУВС-гийн  Ази,  Номхон  далайн  бүсийн  төвийн  дэд  захирал  Стивэн  Барнэттаар ахлуулсан ажлын хэсэг ажиллахдаа Хөгжлийн банкны асуудлыг хөндөөд авсан бөгөөд Хөгжлийн банкыг Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийг тойрох арга хэрэгсэл болгохгүй байхыг сануулаад төсвийн сахилга батыг чангатгаж эрсдэлээ зохистой зөв тооцоолох хэрэгтэй чухалчилсан юм. Нөгөө талдаа мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн. 


Үр дагавар
Он гарсаар инфляцийн түвшин 8,9%-иар, жилийн өөрчлөлтөөр 9,9% болсон байгаа нь цаашид ч  өсөх хандлагатай байна. Махны үнийн өсөлт нь урьд онуудад хаврын саруудад маш ихээр өсч зун, намрын цагт буурч байсан бол энэ жил эсрэгээрээ 3-5 сард буурч 7 сараас эхлэн өсөөд байна. Монголбанкны явуулж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбар ихээхэн хүнд байдалд орж болзошгүй болоод байна учир нь төв банк бодлогын хүүгээ 11,75% болгож эдийн засаг дахь нийт хүлээлтийг царцаах хэлбэр лүү шилжиж байгаа юм. Нөгөө талаас Монголбанкны барьж буй бодлого нь хатуу зөөлөн аль аль шинжтэй байгаа нь эргэлзээ ихээр төрүүлж байгаа юм. Учир нь гаднаас орж ирж буй их хэмжээний капиталын дотогшлохи урсгал нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж улмаар үнийн өсөлтийг бий болгоно. Нөгөө талаас зах зээл дээрх хүүний түвшин харьцангуй өндөр үед зээлийн болон хөрөнгө оруулалтын тасалдал үүсч аж ахуй нэгжүүдэд сөргөөр нөлөөлөх бөгөөд эдгээр бодлогын нөлөөнөөс болж иргэдийн аж амьдрал, жижиг дунд үйлдвэрлэл хамгийн ихээр хохирох юм.

Гадаадаас орж ирж буй капиталын урсгал, дэлхий зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт, төсвийн их хэмжээний тэлэх бодлого, импортын өсөлт зэргээс үүдэлтэй нийлүүлэлтийн талын асуудлын өмнөөс Монголбанк дан ганц мөнгөний хатуу бодлогыг сөргүүлэн тавих нь бодит байдал дээр нэмэргүй харин ч бодит эдийн засгаа ногтолж иргэдийн баталгаат байдалд саад болох магадлалтай юм. Гэвч Монголбанкны хувьд ихээхэн мухардмал байдалтай болоод байгаа бөгөөд үргэлжлүүлэн хатуу бодлогоо явуулсаар байх уу, эсвэл бодлогын өөр шийдэл гаргах уу эсэх дээр тогтож байна. Цаашид он гартал үнгийн өсөлт үргэлжлэх төлөвтэй бөгөөд бусад хүчин зүйлсийн нөлөө өндөр байсан хэвээр байхаар хүлээгдэж байна. 

Эдийн засгийн халалтын нэг илрэл нь цалин хөлс, тэтгэвэрийн өсөлтөөр илэрдэг гэж  эдийн засагчид үздэг ч нөгөө талаас цалин хөлс, тэтгэвэр нэмэгдэх нь эдийн засгийн халалт гэж үзэх нь хөгжиж буй эдийн засагтай манай орны хувьд хэлж болохгүй бөгөөд харин халалтын үр дагавар хэлбэрээр илрэн гарч ирж байж болно. Нөгөө талаас амьжиргааны өртөг багатай энэ үед цалингийн өсөлтийг зөв хийх хэрэгтэй тухай эдийн засагчид санал нэгддэг өнөөдөр иргэдийн авч буй бодит цалин эдийн засгийн төлөвтэй харьцуулахад тийм ч өндөр биш байгаа тул цалин хөлсийг өсгөх нь буруу гэж үзэх үндэслэл багатай байна. 

Судалгаанаас үзэхэд дараах дүгнэлтүүдийг өгч болохоор байна:
  •   Монгол улсын хувьд эдийн засгийн мөчлөг нь ерөнхийдөө халалтын шинж тэмдэг илэрсэн буюу мөчлөгийн оргил руугаа дөхсөн байдалтай байгаа нь 2010 оны III улирлаас эхлэн ДНБ-ий зөрүү өсөж эхлэсэн, 2009 оны II улирлаас эхлэн мөнгөний зөрүү өсөж байснаар илэрч байна. ДНБ-ий зөрүү буюу эдийн засгийн халалт нь манай улсын эдийн засгийг 2008-2009 оны хооронд дайрсан эдийн засгийн хямралын үеэсээ илүү их хэмжээгээр хэдийн халаад эхлэсэн буюу нийц далайцаасаа их хэмжээгээр хазайсан байна. Мөнгөний зөрүү их хэмжээгээр нэмэгдэж далайцийн хэмжээ 2007 оны IV улирлын үетэй ижил хэмжээнд хүрсэн байгаа нь онцгой ихээр анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг дахь нийт эрэлт маш ихээр нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлт, нийлүүлэлтийн дутагдалаар дамжин эдийн засгийг халааж байгаагаар тайлбарлагдаж байна. Нөгөө талаас уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, түүнийг дагасан их хэмжээний мөнгөн урсгалын нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэж улмаар мөнгөний зөрүүг халааж байгаа ба төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр нийт эрэлтийг урамшуулж иргэдийн хэрэглээгээр дамжин эдийн засаг халж байна гэж үзэж болохоор байна.
  •   Эдийн засгийн халалтын нөлөөгөөр хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци оны эхнээс 8,9%-иар жилийн өөрчлөлт нь 9,9% болж үнийн ерөнхий түвшин үлэмж хэмжээгээр өссөн ба инфляцид эзлэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тал нь илүүтэйгээр хэлбэлзэж эдийн засагт хоёрдахь үеийн нөлөөг бий болгож байна. Энэ нь Монголбанкнаас явуулж буй хатуу бодлогоор хумигдах ёстой боловч бодит байдал дээр нөлөөлөл нь хэтэрхий бага байна. Өөрөөр хэлбэл Мөнгөний хатуу бодлого нь зээлийн хүүг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтыг бууруулах байдлаар илэрч буй болхоос биш үндсэн эдийн засгийг хөргөх байдалд нөлөө бага байна.   Гадаадын шууд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж түрүү оноос даруй  125-200% өсч дотогшлохи хэт урсгал эдийн засагт бий болж түүгээр дамжин халалт улам ихээр ихсэж байгаа ба цаашид ч энэхүү байдал үргэлжлэх хандлагатай байна. Оюутолгой, Тавантолгой ашиглалтанд орж  бусад уурхайн ашиглалттай холбоотойгоор нийлүүлэлтийн талын хөөрөгдөл үлэмж их байхаар хүлээгдэж байна. Иймээс эдийн засгийн халалт оргилдоо хүрэх байдал хэдийн ажиглагдаж эхлэсэн ба үнийн өсөлтөөр дамжин эдийн засгийг сулруулахаар хүлээгдэж байна.
  •  2008-2009 оны хооронд болсон эдийн засгийн хямралын байдалтай өнөөгийн байдал тун төстэй буюу мөнгөний нийлүүлэлт тогтмол 60% орчим, нөөц мөнгө мөн л өндөр өсөлттэй байж төсвийн урсгал зардлын өсөлтөөр дамжсан эдийн засгийн халалтыг бий болгосоор байна. Илүү бодитой тайлбарлавал Монгол улсын эдийн засаг дахин хямрах нөхцөл байдалтай болсон ба дан ганц түүхий эдийн үнэ дээр түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлж байгаа нь бусад орны туршлагаас харахад нэн эрсдэлтэй гэж хэлж болохоор байна. 
                                                                                                                 Нийтлэлч: П.Хишигбаяр