Хуудас

2011/11/01

Нөхцөл байдлын суурь - I хэсэг

Монголын санхүүгийн системийн бүтцийн судалгааг сүүлийн сар гаруй хугацаанд хийж байгаа бөгөөд судалгааны зарим нэг хэсгийг блогтоо нийтэлэхээр шийдээд байна. Санхүүгийн системийн эрчимжилтээс үүдсэн эдийн засгийн хүчтэй өсөлт эдийн засагт ажиглагдаж эхэлсэн тул энэ төрлийн бүтцийн судалгааг ултай хийх нь цаашдын нөхцөл байдлын гол суурийг танин мэдэхэд тустай.

2011 оны III улирлын байдлаар санхүүгийн системд нийт 14-н арилжааны банк, 177 Банк бус санхүүгийн байгууллага, 212 Хадагламж зээлийн хоршоо, 48-н брокер дилерийн компани, 18-н даатгалын байгууллага, 353 орчим бүртгэлтэй Хувьцаат Компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт зах зээлийн 95.6% банк,  1%-г ХЗХ, Үнэт цаасны компани 0.5%,  Даатгал 0.9%, 2.1% нь ББСБ,  эзэлж байна гэсэн мэдээг Монголбанкнаас тайлагналаа.  Өөрөөр хэлбэл банк суурьтай санхүүгийн тогтолцоо гэж хэлэхэд буруудахгүй байна. Үүнийг ёгт хэлбэрээр "Нэг хөлтэй тахиа" гэж нэрлэх нь ч бий. Өөрөөр хэлбэл тахиа 2 хөл дээрээ зогссон эсвэл 1 хөл дээрээ зогссон ч жин нь ижилхэн харин тэнцвэрийн хувьд нэг хөл дээрээ зогсох нь эрсдэлтэй.  Засгийн газраас өндөглөгч тахиагаа хоёр хөл дээр нь зогсоож өдөр болгон өндөр авах сонирхолтой байгаа бөгөөд үүнтэй уялдаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимтэй хэлэлцэж эхэлж байгаад талархалтай хандаж байна. Гэхдээ хөгжлийн нөхцөл байдлын суурийг ултай хэлэлцэхгүй зөвхөн байшин болоод дотор талд нь суух эрхэмүүдийг солих нь хөгжлийг түргэтгэх зөв хандлага уу гэдэг дээр бодох зүйл их байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд түүнд оролцогч байгууллага, хувь хүн бусад этгээдүүд хийгээд зөв эрхзүйн орчин чухал нөлөөтэй ч хамгийн гол суурь нь иргэдийн эдийн засгийн боловсрол, санхүүгийн хэрэгцээ түүнд шаардагдах үйл хөдлөл юм. Энэ асуудал зөвхөн хөрөнгийн зах зээл ч бус даатгалын, ХЗХ, банк бус санхүүгийн байгууллага гээд бүхий л санхүүгийн байгууллагуудад хамааралтай. 


 2003-2011 оны хооронд нийт санхүүгийн бүтцийг активын эзлэх хувийн жингээр ангилж үзэхэд банкуудын актив даруй 10 дахин нэмэгдэж системд эзлэх орон зай нь дундажаар 94% тай байсаар байна.  Харин ББСБ болон Хадагламж зээлийн хоршоодын хувьд өөрчлөлтийн хувь нь 2006 онд нийтдээ 1100 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар 390 орчим болж хамрах хүрээ нь буурсан байна. Гэхдээ тооны хэмжээ нь чанартайгаа хамаарах хамаарал манайд сул байдгийн мөн тэмдэглэх хэрэгтэй.  Эдгээр байгууллагуудын активын хэмжээ сүүлийн 8 жилийн хугацаанд ердөө л 2 дахин нэмэгдсэн төдийгүй иргэдийн санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл одоо хүртэл бүрэн төлөвшөөгүй ба ХЗХ-н дампуурлаас үүдсэн энэхүү сөрөг мэдээлэл өнөөг хүртэл байсаар байна. Үнэт цаасны үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгжийн эрчимжилт харин нилээд өөдрөг буюу сүүлийн 2 жилд л гэхэд 2 дахин өсөж гадаадын хөрөнгө оруулалттай хийгээд дотоодын хүчирхэг санхүүгийн байгууллагууд энэ чиглэлд салбараа нээсээр байна.  


Үргэлжлэл бий...