Хуудас

2011/06/04

Эхлэл(Хоёрдугаар хэсэг)

Их сургуульд суралцах хугацаанд ойлгох ёстой зүйлсийн жагсаалтыг гаргаад өгвөл тун амар байхсан гэж би 3-р курс-тээ боддог байлаа. Жишээлбэл их сургуульд суралцаж дуусаад аймар лаг ажил хийгээд ээж аавыгаа тултал жаргаах(тултал гэдэг үгийг би өөрөө ч ойлгохгүй байна), 3 жил лаг ажиллаад дэлхийн шилдэг их сургуулиас тэтгэлэг авч сураад эргэн ирээд нэр хүндтэй мундаг эдийн засагч болох гэх мэт нь их сургуульд ойлгосон зүйлсийн бодит гарц юм болов уу гээд л бодоод л байлаа.

Дээрх бодлыг бодоод л байвал амьдралын философи руу гүн нэвтрэн одож таних ба танихгүйн түмэн анирыг дагуулдаг гэдгийг би хувьдаа ойлгосон юм. Миний их сургуулийн 3-р курс энэ мэт өнгөрөв өө. Зуны танилцах дадлага гэгчийн зовлонг ч мэдэрсэнгүй басхүү хамгаалалтын байдлыг ч мэдэрсэнгүй байсаар байтал төгсөх курсын агаа болох юм.

Курс ахисан ч мэдлэг хийгээд мэрийлт ахисангүй ээ. Мэддэг юм байхгүй, мэддэггүй юм байхгүй хачин янзын нөхөр боллоо. Харин ашгүй энэ үед Хөрөнгийн биржийн асуудал ид нюанстай байсан тул тэр зүг анхаарал хандуулж 2-3-н судалгааны ажил(Зарим нэгнийг нь download хийхээр тавьсан байгаа) хийж юу ч мэдэхгүй, юу ч болохгүй байгаагаа мэдэж авлаа. Дээр нь бас Монгол хэлэндээ ногоон нойл гэдгээ мэдэж ичиж бас уур хүрээд сайхан байлаа.

Төгсөх жилээ хамгийн ихээр сонирхсон сэдэв бол мөнгөний бодлого түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, төв банкны үйл хөдлөл байсан одоо ч сонирхсон хэвээр л байна. Мөнгөний бодлогын шилжих механизм, хямралын үеийн төсөв мөнгөний үйлчлэл зэргийг сонирхон бусад судлаачид, эдийн засагчдын нийтлэлийг уншиж багцаа баримжаа олж байв. Тэр үед Монголбанкнаас макро эдийн засгийн тухай тэмцээн зохиож Мөөгийтэй хамтран оролцож мэдлэг муутай харин мэдэхүйн хүсэл ихтэй болсоноо мэдэрлээ. Улмаар банкны салбарын онцлог, активын чанар зэргийг урьдынхаасаа арай л тодоор харж эхлэсэн гэж хувьдаа боддог юм.

За энэ нийтлэлд 4-н жил мөр зэрэгцэн явсан ангийнханыгаа дурдахгүй байж болохгүй бизээ. Их сургуулийн босгыг давсан хүүхдүүд гэсэндээ логик хийгээд математик сэтгэлгээ сайтай түүнийгээ дагасан мэрийлт бүхий хүүхдүүд манай ангид цугларсанд баяртай байдаг. Гэхдээ математик чадвараас илүүтэй ангийнханд маань нийтэч хамтач сэтгэлгээ их байсан нь үнэхээр баярламаар, нөгөө талаас бага зэрэг хэнэггүйчүүд байсныг ч нуух хэрэггүй. Үргэлж залуу сэтгэлгээтэй Лхагваа, Үнэхээр мэрийлттэй Төрөө, Өнөө, Өөрийнхөө төлөө хэнээс ч илүү хөдөлмөрлөдөг Оюунаа, Хүн чанар сайтай Насаа, Ганжа, Өөртөө итгэлгүй ч өрөөлд итгэл өгдөг Ганбаа, Үргэлж байдалд орох Нинж(жич: Энэ хүн бол миний ангилалаар ӨӨР ХҮН шүү), Нөмөртэй тулгууртай эвсэг Бабо, Хэрсүү хийгээд гэнэн Баяраа, Дорноговийн сайхан бүсгүйчүүд Хандаа, Чимгээ, Сайхан сэтгэлт Атаман Золбоо, Улс төрч хийгээд шүүмж найрагч Тайвнаа, Бараг нээрээ манай сургуулийн лүүнзээ Од(нэр нь хүртэл Од ооё), Бөгж хочит Түвшээ, бүлгэм ба бүлгэм бус Хангай, Заяа, Үл мэдэгдэх атлаа асар мэрийгч Бээгий, СЭЗ-д орсон ч сэтгэл нэгтэй нөхдүүд гээд их сургуулийн андууд минь энэ насны учралууд гэээл шүлэг болгохоод доо хэхэ.

Өдөр бүр өөрчлөлт бол миний амьдралын үнэт зүйл билээ. Ээж аав, ах эгч, найз нөхөд гээд бүгд миний үнэт зүйлсийг баталгаажуулж өгдөг. Миний Монголбанкны Мөнгөний бодлогын газар хийсэн дипломны дадлага бол их сургуульд сурсан зүйлстэй эн тэнцүү байхаар мэдээлэл өгсөн онцгой газар байсан. Лхагваа ах, Баярдаваа ах бол үнэхээр өөр хүмүүс байсан ба намайг ч бас өөрчилж чадсан. Ер нь бол сүүлийн дадлагаа зөв газарт хийх нь ухаалаг үйл хөдлөл болно гэдгийг ирээдүйд дадлага хийх хүмүүс ойлговол зохилтой гэж бодож байна.

Их сургуулийн бакалавраас амьдралын бакалавр луу орох замын эхлэлийг дараагийн нийтлэлд...

Бүх зүйлд эхлэл гэж байдаг....