Хуудас

2011/03/06

Жимс олон ч, түүж авах нь цөөхөн

Хүн гэдэг амьтан олон газраар явж олон хүнтэй харьцаж арга эвээ ололцох ухаанаас эхлээд адгийн амьтан ч болох магадлалтай өргөн агаад осолтой замаар явдаг ажээ. Харин гэвч аз болж урьдын мэргэд явсан замын тухай уулзсан хүмүүсийнхээ тухай ном, билэг сургаал гэгч гайхамшигуудыг хойчийн бидэндээ үлдээж алдаа нь давтагдахгүй амжилтыг нь ахиулах алтан дүрмүүдийг мутарлажээ. Гэвч хүн болсон хойно алдах л жамтай, зарим нэг маань алдаж онож л явна: ургашгүй тэнэгээсээ болсон нэгэн байхад хэтэрхий ухаан (заль мэх) давилуун зангаар хөнгөн хуумгай хандсан нь ч байна. Гэлээ гэхдээ ертөнцийн жам нэгэн голдирготой тул бүх зүйлс цагийн аясаар алдаа оноог элээн одох болно. Бага байхад ном их уншсан хүн төлөвшил нь арай л ондоо байдаг гэж учир мэдэх хүний амнаас сонсож байлаа. Одоо бодоход үнэн ч юм шиг. Мэдээж тооны олон нь чухал бус тэвчээрийн болоод сонирхолын олон нь чухал биз. Би багадаа О.Цэндсүрэн гуайн "Халуун Салхи" номонд орчихоод шөнө унтаж чаддаггүй зовж л байлаа. Уншсан зохиолуудын баатрын амьдрал, тэдгээрийн зан араншин, үйл хөдлөл нь ертөнцийн амьдралаас санаа авсан болохоороо үнэнд ойр, санаа авууштай, саатаж болгоомжлууштай байдаг нь уншсан хүнд нэгийг ч болтугай ойлгуулж ухаанд нь оюуны бяр нэмдэг биз.

Мэдээ мэдээллийн хэмжээ ихсэж, агуулга багасч байгаа(би хувьдаа хэрэгцээгүй мэдээлэл ихсэж хэрэгцээтэй мэдээлэлүүдээ дарж байна л гэж ойлгоод байгаан гэхдээ миний л бодол л доо нөгөө талаас логикын хуулиараа агуулга хэмжээ 2 чинь урвуу хамааралтай байдаг байхаа) энэ үед өөрийн амьдралын хэмнэлдээ тус болохуйц мэргэн ухааныг олж авах хэрэгтэй. Аар саар зүйлсэд алтан цагаа үрж байгаа нөхдүүд сүүлийн үед олон тааралдаад л байна, мэдээж залуу нас хөгжилтэй хөөртэй байх нь зөв, би ч өөрөө тийм байхыг хүсдэг гол нь хугацааны агшинг зөв хувиарлах л асуудал урьд би энэ тухай блог дээрээ бичиж л байсан" Эндээс уншаарай" , мөн зөв газар зөв хүмүүстэй уулзах ухаан гэж томоостом ухаан байдаг юм байна, Исаак Ньютоны хэлсэнээр -"Би өөрөөсөө илүү хүмүүсийн нуруун дээр сууж буй учир илүү алс холыг харж чаддаг" гэж чухамхүү бид нарын ярьдагаар шаал өөр хүмүүстэй байх бас л шаал өөр шүү.

Ялангуяа эдийн засаг, санхүүгээр сурч байгаа хүмүүс бол Ц.Аюурзана багшийн хэлдгээр харилцааны мэргэжилтэн байж компаний үнэт зүйлсийг хэрэглэгчийн үнэт зүйлстэй нягт уялдуулж санхүүгийн тэрхүү харилцаанд оролцож байгаа бүхий л талуудын ашиг сонирхолыг харгалзан тэдгээрийн торгон үзүүр дээр үйл ажиллагаа явуулдаг хүн байх ёстой гэдэг нь мэргэн ухаантай нэгэн байхаас өөр аргагүй болгож байгаа юм. Мэргэн ухааны эх булаг бол мэдлэг, мэдлэгийн чинадаас шүүсэн билэг ухаан бөгөөд эдгээрийг цуглуулахад насыг бүү хайрла гэж Эрдэнийн сан Субашид-д өгүүлсэн байдаг. Гэвч мэргэн ухааныг жимс лугаа зүйрлэвээс тэдгээрийг түүж, амтлан таашаах нь цөөн ажээ. Магадгүй энэ нийтлэлийг уншсан та жимсийг махран түүгч нэгэн байж болно, гол нь цэвэрлэж угааж идэх ээ мартав аа.