Хуудас

2011/02/24

Заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлэв

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр хадгалан, Заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр сүүлийн 2 сард Улаанбаатар хотын хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ харгалзан 2.4 болон 3.1 хувиар нэмэгдэж, 2011 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци жилийн 14.8 хувьд хүрээд байна.

Төсвийн тэлэх бодлого, тэр дундаа иргэдэд олгох мөнгөн тэтгэмж, уул уурхайн төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр 2011 онд дотоод эрэлт өмнөх оноос нэмэгдэхээр байна. Мөн манай худалдааны гол түнш орон болох БНХАУ-д инфляци эрчимжиж байгаа, дэлхийн зах зээл дээр хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалан инфляци өсөх эрсдэлтэй байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах нөхцлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн 2008-2009 оны хямралын дараагаас эхлэн дэлхий нийтээр санхүүгийн салбарын тогтвортой байдал, түүний хямралд өртөмтгий эмзэг байдлыг багасгах, гадны гэнэтийн сөрөг нөлөөлөлд цочрохгүй байх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг авч байна. Монгол улс ч мөн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай болж байна.

Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах, банкны салбарын эрсдэл сөрөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү Заавал байлгах нөөцийн хэмжээг 4 нэгж хувиар нэмэгдүүлэн 9 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.

Банкны системийн Заавал байлгах нөөцийн хувь нь 2007 оныг хүртэл 14 хувь байсан бөгөөд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 5 хувь хүртэл бууруулж байсан байна.


Энэ тухай өөрийн чадах хэмжээгээрээ анализ хийх болно