Хуудас

2011/04/01

Халуун Мөнгө

Сүүлийн үед Hot Money буюу Халуун Мөнгө гэгчийн тухай их багагүй ярилцаж байгаа учир энэхүү нийтлэлээрээ уг асуудлыг хөндөхийг зорьсон болно. Hot Money-н олон улсын нэгдсэн лавлах болох Investopeadia-аас утгыг тодорхойлсныг үзвэл: Санхүүгийн зах зээл дээр мөнгөн урсгал нь аль боломжит өгөөжтэй газар луу урсан байдаг ба хөрөнгө оруулагчид богино хугацаанд өндөр өгөөжийг хүртэхийг үргэлж эрмэлзэж байдаг ба бага зээлийн хүү бүхий орноос өндөр зээлийн хүү бүхий орон хооронд богино хугацаанд хэт олзны хойноос хөөцөлдөн хөрөнгө оруулалтын хүчтэй урсгал бий болгох үзэгдэл юм. Санхүүгийн энэ шилжүүлэг нь тухайн улсын валютын ханшинд хүчтэй нөлөөлж улмаар төлбөрийн тэнцэлд тодоор ажиглагддаг гэж тодорхойлсон байна.

Манай улсын хувьд уул уурхайн салбараас орж ирж буй ихээхэн валютын урсгалын нөлөөгөөр төгрөгийн ханш хүчтэй чангарал мөн зах зээл дээрх зээлийн хүүний өндөр түвшин зэрэг нь Халуун Мөнгө урсан орж ирэх үндсэн нөхцөлүүдийг бүрдүүлж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байна. Хэрэв валютын их хэмжээний урсгал орж ирвэл дотоодын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг авч үзвэл: Макро эдийн засаг талдаа хэт их хөрөнгө оруулалт бий болгож улмаар хэрэглээг богино хугацаанд өсгөх(Өөрөөр хэлбэл манай төгрөгийн ханш чангарч урьд нь 1000 төгрөгөөр 2ш оймсийг Эрээнээс авдаг байсан бол 3ш болон нэмэгдэж худалдан авах чадвар өснө) ба улмаар нийт эрэлт өсч эдийн засаг халж эхлэх болно. Эдийн засгийн халалт нь үндсэндээ Бодит ханшийн чангарал(ReeR), Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх Инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ, төлбөрийн тэнцэл дээр урсгал дансны алдагдалд хүчтэй нөлөөлж нийт эдийн засагт тогтворгүй байдлыг бий болгоно.

Нөгөө талаас Халуун Мөнгө нь ихэвчлэн банк санхүүгийн байгууллагуудаар дамжин нөлөөлөх тул манай санхүүгийн салбарын суурь болсон банк, хөгжлийн гараан дээр байгаа Хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх болно. Банкны салбарын хувьд хамгийн сөрөг нөлөөтэй бөгөөд валют хоорондын зөрүүний алдагдал болон maturity mismatch буюу хугацааны зөрүүний алдагдалд ордог. Үүнийг тайлбарлавал халуун мөнгө нь гадаад валютаар эдийн засагт орж ирэх ба үүнийг банкуудын хувьд төгрөг рүү хөрвүүлэн зээл олгох бөгөөд эдийн засагт ханшийн чангарал явагдаж буй учир эргээд зөрүүний алдагдалд орох, хугацааны хувьд халуун мөнгө нь богино хугацааны учир банкуудын зээлийн хугацааны зөрүүнээс бий болсон алдагдал(актив урт, пассив богино) болно гэсэн үг юм. Улмаар банкны нийт системийн хувьд зээлийн өсөлт өндөрсөж эргэн төлөгдөх магадлал буюу зээлийн чанар муудаж байхад нөгөө талд баланс дахь ханшийн зөрүүний эрсдэл ихсэнэ. Хөрөнгийн зах зээлийн хувьд хөгжиж буй эмзэг зах зээлд ихэвчлэн хувьцааны өндөр өсөлтөөр ажиглагдах ба бодит эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн үнэ маш ихээр өсөж real estate bubble (Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс ) бий болж бодит эдийн засагт хүндрэл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээл дээр савалгаа үүсэх болно.

Бодит эдийн засаг буюу үндэсний үйлдвэрлэгч(гадаадад бүтээгдэхүүн экспортлодог аж ахуй нэгж) хувийн хэвшлийн гадаад зах зээл дээрхи өрсөлдөөний дарамт нэмэгдэж өрийн хэмжээ ихсэж санхүүгийн хувьд хүндрэл учирах магадлал өндөр болно. Хамгийн чухал зүйл болох өрсөлдөх чадвар буурна гэдэг аливаа орны эдийн засгийн хувьд хамгийн хэцүү асуудал байдаг гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Бидний мэдэхээр олон улсад өрсөлдөх чадварын талаар илт мэдэгдэхүйц үйл явц өрнөдөг билээ. Жишээлбэл: БНХАУ болон Америкын нэгдсэн улсын өрсөлдөх чадвар нь валютын ханш дээр хүчтэй маргаан үзүүлж, мөнгөний бодлогын олон улсын шүүмжлэл хүчтэй өрнөдөг мөн Япон улсын хувьд валютын ханшаа сулруулах талаар үргэлж анхаарч экспортын хэмжээндээ үргэлж анхаарч байдаг зэргийг дурьдахад хангалттай .

Халуун мөнгөнөөс эдийн засгийг хэрхэн хамгаалах вэ?

Зарим эдийн засагчид мөнгө төгрөгтэй холбоотой тул Төв банкнаас арга хэмжээ авах хэрэгтэй гэж үздэг. Гэвч Монгол улсын хувьд төсөв сангийн мөчлөг дагасан тэлэх бодлогын нөлөө өндөр байгаа нөхцөлд дан ганц Монголбанкнаас тэмцэх нь үр дүнгүй байх магадлал өндөр. Нөгөө талаас валютын урсгалд хэт хяналттай хандвал бидний тааварлаж буй түвшингээс ч өндөр эрсдэл учруулах болно. Монголбанкны сүүлийн үед валютын талаар явуулж буй бодлого нь маш сонин гэж хэлэхээр байгаа. Учир юу гэвэл Монголбанк нь биеэ даасан хараат бус ажилладаг ба валютын чөлөөт хөвөх ханштай хэмээн тодорхойлдог. Гэвч бодит байдал бол асуудал өөр байна. Биеэ даасан байдал гэдэг нь УИХ-с Монголбанкны Ерөнхийлөгчийг томилохоос эхлээд, УИХ-н гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг загнаж зүхэж байгаагаас шууд харагдана. Төв банкны зорилгын хувьд бас л хоёрдмол утгатай тодорхойлогдсон нэн ойлгомжгүй. Валютын ханшийн хувьд чөлөөтэй хөвөх бус харин ч хатуу бодлогыг хэрэгжүүлж байнга интервенц явуулж ханшаа хамгаалах оролдлого гаргана. Энэ нь халуун мөнгөний ченж нарын гол олз юм. Ер нь валютын бодит ханш гэдгийг Монголбанкны валютын газар арай өөрөөр ойлгоод байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр. Төсөв, сангийн бодлого гэж макро эдийн засгийн бодлого байдаг гэвч энэ нь бодлого чанараа алдаад их олон жил болж байгаа. Мөчлөгийн эсрэг биш бодлогын эсрэг үйл явцийг өрнүүлнэ. Энэ талаар уншигч та надаас ихийг мэдэх бизээ. Одоо тэгвэл яаж энэ их валютын урсгалаас хамгаалах вэ? Үүнд товчоор хариулбал макро эдийн засгаа чадавхижуулах (тэсвэр) гэсэн асуудал руу чиглэгдэнэ.

Ер нь эдийн засгийн чадавхи гэдгийг дараах үндсэн зүйлсээр тодорхойлж болно. Үүнд:

 Институцийн асуудал буюу Засаглалын үр ашиг бүтэц бүрдүүлбэрийн оновчлол(энэ асуудал бол магадгүй хамгийн тулгамдсан асуудал байхыг үгүйсгэхгүй), эдийн засгийн салбаруудын хөгжил боловсруулах, эрчим хүчний салбарын хөгжил, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар(дан ганц олборлох салбарын бус нөхөн сэргээгдэх тогтмол үр өгөөж бүхий салбаруудын хөгжил)
 Эдийн засгийн нэгдсэн бодлого буюу Мөнгө Сангийн бодлогын тогтвортой байдал, хэрэгжилт, уялдаа холбоо(уялдаа гэхээр Сангийн болон Мөнгөний бодлого 2-г заавал уялдуулах гэж ойлгож болохгүй. Учир нь энэ 2 бодлогын зорилгоос эхлээд арга хэрэгсэл нь ч өөр), Тулхтай хариуцлагатай үр ашиг бүхий төсвийн зардал, Мөнгөний бодлогын хэрэгжилт зэргийг дурдаж болох ба гол нь бодлогуудын хүртээмж ил тод байдал чухал нөлөөтэй.
 Нийт санхүүгийн систем: Банкуудын чадавхи(системийн хувь), Хөрөнгийн захын хууль эрхзүйн болон субъект хоорондын үйл явц харилцаа үр ашиг, Бодлогоос гадуурхи зах зээлийн хүрээг хумих валютын захыг хөгжүүлэх, санхүүгийн харилцаанд оролцогч байгууллагуудын эрсдэлээ даах чадвар, хөрөнгө
 Гадаад эдийн засгийн хөгжил хяналт: Санхүүгийн хөрөнгө оруулалт, орлого зардалуудыг бүртгэх хянах иж бүрэн үйл явц, худалдааны хэлцэл тэдгээрийн хугацаа, түншлэлийн байдал зэрэг
Эдгээр нь эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гол сувгууд юм. Ер нь бол зоригтойгоор нэн даруй хийх алхамуудыг дурдвал Монголбанкны зүгээс банкны нийт системд бүтцийн өөрчлөлтийг даруй хийж банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон чадавхийг үлэмж хэмжээгээр дээшлүүлэх системийн хувьд хүчирхэгжүүлэх, Сангийн талаас хариуцлагатай, тогтвортой эдийн засгаа ухаалгаар, дарамт учруулахгүйгээр дэмжих бодлогуудыг хэрэгжүүлж хэсэгчилсэн урт хугацаанд чиглэгдсэн бодлоготой байх хэрэгтэй байна. Халуун мөнгө дамжих гол гүүр нь банкууд учир засаглал болон актив пассивын удирдлагаа улам бүр оновчтой болгож хяналтаа чангатгах шаардлагатай. Бид түрүүн дурдсан мэдээллийн ил тод хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж хувийн хэвшлийнхэнд зориулсан ханшийн эрсдэлээс хамгаалсан хэрэгсэлүүдийн хууль эрхзүйн орчинг боловсруулж мөрдүүлэх, ирээдүйд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг боловсруулж буцах эзэн буух хаягтай болгох хэрэгтэй.

Сүүлд нь дүгнэн хэлэхэд үр дагавартай нь бус үндсэн асуудалтайгаа тэмцэх нь ухаалаг бөгөөд цаг хугацаа, өртөг хэмнэсэн зөв сонголт байх болно.

---oo0oo----



МУИС-ЭЗС-Санхүүгийн IV ангийн оюутан П.Хишигбаяр