Хуудас

2011/04/05

Q&A

Эдийн засгийн зарим нэг чухал асуултанд Монголбанкны зүгээс хариулсан хариултуудыг хүргэж байна. Та ч бас эдийн засгийн талаар Монголбанкнаас асууж тодруулах зүйл байвал asuu@mongolbank.mn гэсэн цахим хаяг руу илгээж асууж болно.


ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ИНФЛЯЦИ 2-ЫН АЛЬ НЬ ЧУХАЛ ВЭ?
Хариулт: Эдийн засгийн өсөлт, инфляци хоёр эсрэг тэсрэг ойлголтууд биш бөгөөд тогтвортой бага инфляци нь эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зайлшгүй нөхцөл юм. 1997 онд Levine, 2000 онд Khan болон Senhadji нар эдийн засгийн өсөлт болон инфляцийн хоорондох хамаарлыг 140 орны жишээн дээр судлан эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх инфляцийн хэмжээг хөгжингүй орнуудын хувьд 1-3%, харин хөгжиж буй орнуудын хувьд 7-11% хэмээн тогтоосон байдаг. Үнийн тогтвортой байдал нь хадгаламж, хөрөнгө оруулалт, бүтээмжээс олох ашиг хонжоог урамшуулдгаараа эдийн засгийн өсөлттэй салшгүй холбоотой. Тогтвортой бага инфляци нь хүн амын эмзэг бүлгийнхний бодит орлогыг хамгаалж, ажлын байрыг нэмэгдүүлж байдгаараа нийгмийн талаасаа ч ач тустай зүйл юм.

ГАДААДЫН ТӨВ БАНКУУД ХҮҮГЭЭ БУУРУУЛЖ БАЙХАД МОНГОЛБАНК ЯАГААД БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЖ БАЙСАН БЭ?
Хариулт: Хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын инфляцийн хүлээлт, санхүүгийн хэлцлийн дундаж хугацаа, валютын төрөл гэсэн үндсэн 3 хүчин зүйлс нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, хөгжингүй орнуудад инфляци жилийн 2-3 орчим хувьтай, үүнийгээ дагаад инфляцийн хүлээлт ч бага байх ажээ. Нэгэнт инфляци бага тул инфляцийн хүлээлт ч бага, улмаар санхүүгийн хэлцлийн хүү нь тогтмол, хугацаа нь урт байдаг. Үүний сацуу санхүүгийн хэлцэл нь дотоод валютаар илэрхийлэгдсэн байдаг. Ийм нөхцөлд мөнгөний тэлэх бодлого баримтлах нь үнийн аядуу өсөлтийг дагуулна. Санхүүгийн хэлцлийн нэрлэсэн хэмжээ, хүү хоёр нь тогтмол, дотоод валютаар илэрхийлэгдэж урт хугацааг хамрах тул үнийн энэхүү аядуу өсөлт нь өрхийн аж ахуй, пүүс компаний өрийн бодит дарамтыг бууруулж өөрийн хөрөнгө (буюу барьцаа хөрөнгийн)-ийн үнэлгээг нэмэгдүүлдэг байна. Энэ нь банкны зуучлалд эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн эдийн засагт мөнгө нийлүүлэх нь газар, хувьцаа зэрэг активын үнийг өсгөх бөгөөд энэ нь барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэн банкны зээлийн чанарт эерэгээр нөлөөлнө. Үл хөдлөх болон санхүүгийн активын үнэ нэмэгдэхийн хэрээр баялгийн эффектээр дамжин хэрэглээ өсч эдийн засгийн эрэлтийг тэтгэх ажээ.

Харин хөгжиж буй орнуудад инфляцийн түвшин хавьгүй өндөр төдийгүй савалгаа ихтэй байдаг. Ийм нөхцөлд инфляцийн хүлээлт өндөр, өндөр хүлээлтээ даган санхүүгийн хэлцлийн хугацаа нь маш богино (тухайлбал, 1 сар) байдаг. Хөгжиж буй, нээлттэй эдийн засагтай орнууд дэлхийн санхүүгийн зах зээлээс үлэмж хамааралтай бөгөөд пүүс компаниудын өр нь гадаад валютаар илэрхийлэгдэх нь нийтлэг. Ийм нөхцөлд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжвэл инфляцийн хүлээлт улам даамжрах төдийгүй үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс сулрах эрсдэлтэй байдаг. Пүүс компани, банкуудын өрийн нэлээдгүй хэсэг нь гадаад валютаар илэрхийлэгдсэн байдаг тул дотоод мөнгөн тэмдэгтийн сулралт нь өрийн бодит дарамтыг үлэмж нэмэгдүүлж, тайлан тэнцэлд сөргөөр нөлөөлнө. Өрийн дарамт нэмэгдэхийн хэрээр барьцаа хөрөнгийн үүргийг гүйцэтгэх өөрийн хөрөнгийн хэмжээ буурна. Энэ нь эргээд банкны зуучлалын эрсдлийг нэмэгдүүлэх тул банкуудын зээл олголт эрс багасах болно. Мөнгөний нийлүүлэлт нь инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлж, гадаад валютын ханшийг чангаруулах тул дотоодын хүүний түвшин өсөх магадлал өндөр. Санхүүгийн хэлцлийн хугацаа богино тул хүүний түвшин ойр ойрхон өсөн нэмэгдснээр өрхийн аж ахуй, пүүс компаниудын мөнгөн хөрөнгийн урсгалыг боомилно. Энэ нь эргээд зээл олголт, зээлийн эргэн төлөлтийг удаашруулснаар банкуудын үйл ажиллагааг доголдуулах болно. Санхүүгийн хэлцлийн хугацаа маш богино тул мөнгөний тэлэх бодлогоос үүдэлтэй үнийн өсөлт нь өрхийн аж ахуй болон пүүс компаниудын өрийн дарамтыг сулруулж амждаггүй ажээ.

Улс орнуудын туршлагаас харахад ихэнх хөгжиж буй орны хувьд мөнгөний тэлэх бодлого үр дүнд хүрэлгүй бүтэлгүйтсэн байдаг. Мөнгийг эдийн засагт зохистой түвшнээс хэтрүүлэн хэт их нэмсэнээр хүү буурахгүй ба зөвхөн үнийн өсөлтийг дагуулдаг мөнгөний нейтрал шинж чанар хөгжиж буй орнуудад тод ажиглагддаг билээ. Үүний сонгодог жишээ нь үндэсний мөнгөн тэмдэгт нь дампуурсан Зимбабве улс юм.

ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Хариулт:Инфляци гэдэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх явдал юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөх шийдвэр гаргахдаа пүүс компаниуд өнгөрсөн үеийн үнэ, өртгийн (тухайлбал, цалин, түүхий эд, түрээс г.м.) хөдөлгөөнийг харгалзан үзэх төдийгүй ойрын ирээдүйд хүлээгдэж буй өсөлтийг мөн тооцдог байна.

Иймээс инфляцийг хяналтанд байлгахын тулд эрх баригчид зөвхөн төсөв, мөнгөний бодлогодоо зохицуулалт хийгээд зогсохгүй инфляцийн хүлээлтэд эерэгээр нөлөөлөхийг хичээдэг байна. Инфляцийн хүлээлтийг хазаарлаж байж гэмээнэ үнийн тогтвортой байдлын зорилт хангагдах ажээ. Инфляцийн хүлээлтийг шууд ажиглах боломжгүй тул түүнийг санал асуулга явуулан судалгаа (шууд арга) хийж, аль эсвэл инфляциар индексжсэн бондоос (шууд бус арга) тооцдог байна.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АЛТНЫ ҮНЭ ӨСЧ БАЙГАА НЬ МАНАЙД ЯАЖ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Хариулт: 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 унци мөнгөжсөн алтны үнэ 1340.5 ам.долларт хүрээд байна. Алтны үнэ ийнхүү өсөж буй нь Монгол улсын алтны экспортын орлогыг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр гадаад худалдаа, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулахад эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн гадаад валютын албан нөөцийн бүтцэд алтаар барьж буй нөөцийн үнэ цэнэ өсөх эерэг талтай.

БАНКУУДЫН ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ ӨСГӨХ АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?
Хариулт: Банк нь бусдаас хадгаламж болон бусад хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлж, энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөө бусдад зээл олгох, хөрөнгө оруулах замаар санхүүгийн зуучлалын үүргийг гүйцэтгэдэг. Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг буцаан төлөх үүргийн давхар бас хүлээдэг. Нөгөө талаас бусдад зээлсэн эсвэл хөрөнгө оруулсан мөнгө нь зээлдэгчээс буцаан төлөгдөхгүй байх эрсдлийг бага ч гэсэн хувиар агуулж байдаг. Хэрвээ бусдад зээлсэн мөнгө нь төлөгдөхгүй бол бусдаас татсан хадгаламжийг төлөх чадваргүй болж банк дампуурахад хүрнэ.

Иймд тодорхой хэмжээний хөрөнгийг банкны эзэд өөрсдөө банкинд оруулахыг төрийн зохицуулалтын байгууллагаас шаарддаг. Уг хөрөнгийг банкны өөрийн хөрөнгө гэж нэрлэдэг. Банк нь өөрийн хөрөнгөтэй болсоноор бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө (өөрөөр хэлбэл төлбөрийн үүрэг) нь бусдад зээлдүүлсэн хөрөнгөөс бага болж, зээлдэгч зээлээ төлөх чадваргүй болсон ч гэсэн банкны өөрийн хөрөнгөөр хадгаламж эзэмшигчдийн мөнгө болон бусад өглөгөө төлөх чадвартай хэвээр байна.

Дээр хэлсэнчилэн тодорхой хэмжээний хөрөнгийг банкны эзэд өөрийн банкинд оруулахыг төрийн зохицуулалтын байгууллагаас шаарддаг ба энэхүү хэмжээг актив (зээл, хөрөнгө оруулалт, бусад авлага) хөрөнгийн тодорхой хувиар тогтоох байдал элбэг байдаг. Манай улсын хувьд энэхүү хэмжээ одоогийн байдлаар 12 хувиар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл нийт актив хөрөнгө буюу авлагын 12 хүртэлх хувь эргэн төлөгдөхгүй байхад банк төлбөрийн чадвартай байна гэсэн үг юм. Зээл эргэн төлөгдөх байдал нь голчлон эдийн засгийн байдлаас шалтгаалдаг бөгөөд "өөрийн хөрөнгө" их байх тусам эдийн засаг муудсан үеийн аливаа хүндрэлийг давах хүчин чадал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл банкны "өөрийн хөрөнгө" нь хүндрэл, эрсдэлээс банкыг хамгаалах "бамбай" юм.

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИХЭЭХЭН НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ ТӨГРӨГИЙН ХАНШИД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?
Хариулт: Хөгжиж буй улс орнуудын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь үндэсний валютын ханшинд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг бөгөөд (i) богино хугацаанд валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, нэрлэсэн ханшийг чангаруулах, (ii) дунд болон урт хугацаанд үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэн улмаар бодит ханшийн чангаралтыг бий болгодог.

Манай Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 дахин өссөн бөгөөд 72.0 хувийг уул уурхай, барилга, банкны салбар дахь хөрөнгө оруулалт эзэлж байна. Тухайлбал, 2010 оны оны эхнээс 8-р сарыг хүртэлх хугацаанд 611.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 дахин буюу 433.2 сая ам.доллараар нэмэгджээ. Хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл, 64 хувийг уул уурхай, ашигт малтмал, 8 хувийг барилгын хөрөнгө оруулалт эзэлж байна.

Дээрхээс үзэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь "капитал" ихээхэн шаардагддаг үйлдвэрлэлийг санхүүжүүлж байгаа тул хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь "тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл" хэлбэрээр, үлдсэн хувь нь дотоодын худалдан авалтанд зориулан бэлэн валютаар Монгол Улсад орж ирж байна.

Иймд Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын валютын ханшинд үзүүлэх нөлөө богино хугацаанд сулавтар, экспорт эхэлсний дараагаар буюу дунд, урт хугацаанд өнөөгийнхөөс хүчтэй байх хандлагатай байна.

Эх үүсвэр: Монголбанк

Жич: Энд ямар нэгэн албан байгууллага, хувь хүний ашиг сонирхолын үүднээс дээрхи асуултуудын хариултыг мушгин гуйвуулах, нэмж засварлах, утга санааг алдагдуулах болон аливаа бусад оролдлого гаргаагүй болно.