Хуудас

2011/04/20

Ойлгох чадвар

Миний хувьд их сургуульд орохоосоо өмнө, орсныхоо(3 курс хүртлээ) дараа дунд сургуулийн хүүхдүүдэд математик, анализ заадаг байсан бөгөөд энэ нь хүмүүстэй харилцах өөр нэгэн өнцөг байсан юм. Хүүхдүүдэд математикыг ойлгуулах энгийн хялбар бөгөөд хурдтай аргуудыг заахыг оролдож бүтэх бүтэхгүйтэй л байсан. Гэхдээ хичээл зааж байхдаа ойлгох чадвар юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг ухаарсан юм.


Ойлгох чадвар гэхийг бусдаас илүү IQ, мундаг гоц ухаан бус харин ойлгож буйгаа мэдрээд дараа дараагийн зүйл дээр тэрхүү мэдрэмжээ турших тасралтгүй үйл явц гэж миний зүгээс тодорхойлж байгаа юм. Энгийн оюутантай холбон тайлбарлавал: өдөр сурсан зүйлсээ шөнө гэртээ очин харьцуулалт хийх замаар давтан давтан тархинд буй эсүүдийн цогцод мэдрүүлж буй цаг хугацаа болон бусад зүйлсийг тухайн агшинд ихээр зарцуулах үйл юм. Оюутан Бат "A" сурдаг гол шалтгаан Бат сайн ойлгодог гээд хүмүүсийн дүгнэлт дуусдаг, ойлгох чадварын дүгнэлтээр бол Бат багшийн ярьсан зүйлсийг ойлгох гэж тархины эсүүдээ төвөглөрүүлэн тэр хормуудыг зарцуулдаг ингээд л Бат багшийн яриаг мэдрээд эхлэнэ бас ойлгоод эхлэнэ гэсэн үндсэн зарчим юм.

Ном уншина гэдэг бол ойлгох чадвараа нэмэгдүүлэх үр дүнтэй арга бөгөөд номноос уншсан зүйлсээ мэдэрч цаашдын үйлдээ ашиглах нь номын зохиогч хүн номыг 3 жил бичихдээ 30 жилийн бодсон юмаа тусгадаг харин уншигч би 3 цаг 3 өдөрт уншаад хэрэгтэй зүйлийг нь мэдэрч чадвал тэр л бодит ойлгох чадвар болно.

Хамгийн чухал зүйл бол бодит харилцааг ойлгох чадвар юм. Дейл Карнегийн цуврал номуудын үндэс нь харилцааг ойлгож мэдрэх цаашлаад удирдах чадварыг л харуулсан байдаг. Дэлхий бол хавтгай гэдэг Томас Фрийдманы номонд технологийн хувьсал, хавтгайрч буй үзэл, харилцааны ойлголцлыг тусгасан байдаг. Ер нь бол хамгийн үнэт зүйл бол харилцаа бөгөөд түүнд тулгуурлсан итгэл үнэмшил байдаг.

Ойлгох чадварын хамгийн хэцүү агаад үргэлж тулгамдах хэлбэр нь өөрийгөө ойлгох чадвар юм. Буддын сургаалд "Ойлгох чадвар бол та өөрөө" гэсэн байдаг. Өөрийгөө мэдрэх гэдэг энэ дэлхийн хамгийн хэцүү ойлголт байдаг ба энэхүү ойлгох чадвар нь тогоо барьсан авгайгаас төрийн эрхийг баригч дээдэст хүртэл л тулгамдсан асуудал байдаг. Өөрийгөө мэдэрч ойлгох үйл явц үр бүтээлгүй болвоос амьдрал утга үгүй.

Эцсийн эцэст хүн өөрийгөө танин мэдэж ойлгох гэж энэ ертөнцөд ирж, өөрийгөө танин мэдэж ойлгох гэж энэ ертөнцөөс явдаг.